Террорист “Хамас” бүлгийн коммандлагч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-12 11:33:20

ГАЗЫН ЗУРВАС. /BBC/. Өнгөрсөн ням гарагт Газын зурваст Израилын тусгай хүчний явуулсан ажиллагааны үеэр зургаан палестин иргэн амь үрэгдсэний нэг нь террорист “Хамас” бүлгийн коммандлагч байсан гэж Палестины холбогдох албаны төлөөлөгч мэдээлэв.


Израилын зэвсэгт хүчнээс мэдээлснээр, дээрх ажиллагааны үеэр тус улсын цэргийн нэг албан хаагч амь үрэгдэж, нэг цэрэг шархадсан аж.


Уг хэрэгтэй холбогдуулан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Парис хотод зохион байгуулсан Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээний үеэр Францад хийх айлчлалын хугацаагаа богиносгох шийдвэр гаргасан тухай түүний албанаас мэдээлсэн байна.


“Хамас” бүлгийн хэвлэлийн албаны төлөөлөгчийн мэдээлснээр, тус бүлгийн “Изедин аль-Кассам” бригадын коммандлагч Шейх Нур Бараке амь үрэгдсэн бөгөөд Израилын тусгай хүчин Газын зурвасаас дотогш гурав орчим километр зайд тээврийн хэрэгслээс гал нээжээ.


Үүний дараа талууд буудалцсан бөгөөд Израилын талаас өгсөн агаарын цохилтын улмаас цуврал дэлбэрэлт болсон гэж тухайн үед хэргийн газрын ойролцоо байсан хүмүүс мэдээлсэн байна.  

Холбоотой мэдээ