Ирэх онд бүх сонгон шалгаруулалтыг цахимаар явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-13 10:39:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг ирэх жилээс энэ мэт бүх арга хэмжээг цахимаар зохион байгуулах бэлтгэл ажлыг хийж байгаа хэмээн Орон нутгийн Өмчийн газрын дарга Х.Ганхуяг хэллээ.


Худалдан авах ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах нь тендерийн ил тод, хүртээмжтэй, өрсөлдөөнтэй, хариуцлагатай, үр ашигтай байх зарчмууд хэрэгжих сайн талтай юм.


Гэвч хөдөө, орон нутгийн хувьд үнэлгээний хороонд ажиллах эрх бүхий сертификаттай хүмүүс бага, нэг ч эрх бүхий гишүүнгүй сум, ААН-үүд байгаа нь цахим тендер шалгаруулалтыг явуулахад хүндрэлтэй байгаа юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, төсөвт албан байгууллагуудын төсөв захирагчид худалдан авах ажиллагааны талаарх мэдлэг дутмаг байгаагаас худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, үр дүнг цахим системд оруулахгүй байх, хагас, бүтэн жилийн нэгтгэлийн тайланд энэ талаарх тайланг ирүүлэхгүй удаашруулах зэрэг зөрчил дутагдал ч нийтлэг гардаг байна.

Тус аймагт оны эхний 9 сарын байдлаар худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээс нийт 12263.4 өртөг бүхий 73 төсөл арга хэмжээний худалдан авалтыг хэрэгжүүлснээс 12097.9 сая төгрөгийн 58 төсөл арга хэмжээний худалдан авалтын тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг цахим систем www.tender.gov.mn -д байршуулан зохион байгуулжээ.

Нээлттэй тендер шалгаруулалтаар 10449.9 сая төгрөгийн өртөг бүхий 20, харьцуулалтын аргаар 1239,9 сая төгрөгийг өртөг бүхий 34, зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмаар 458.0 сая төгрөгийн өртөг бүхий 5, шууд худалдан авалтаар 115,5 сая төгрөгийн өртөг бүхий 14 төсөл арга хэмжээг гүйцэтгэн ил тод хэрэгжүүлсэн байна.


Улсын төсөв, орон нутгийн төсвийн болон Дэлхийн зөн олон улсын байгууллагын гэх мэт хэд хэдэн эх үүсвэрээр санхүүжигдэх Хайрхан сумын дотуур байрны барилгын засварын ажлын тендерийг нээлттэйгээр буюу цаасан хэлбэрээр хүлээн авч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ. Мөн Нийгмийн халамжийн тусламж, дэмжлэг зайлшгүй шаардлагатай 1482 өрхөд хүнсний эрхийн бичгээр хүнс, бараа нийлүүлэх гүйцэтгэгчийг энэ жилдээ цаасан хэлбэрээр буюу уламжлалтаар хүлээн авсан байна.


Холбоотой мэдээ