Ажлаа чанаргүй гүйцэтгэсэн компаниудыг зарлаж төрийг хохиролгүй болгох шийдвэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-13 09:15:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс 2012-2016 онд чанаргүй хийгдсэн хөрөнгө оруулалтын зарим ажлын талаар мэдээллээ. Төсвийн мөнгөөр ажил гүйцэтгэхдээ чанаргүй болон дутуу хийсэн компаниудыг шүүхэд өгч 1.5 тэрбум  төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байна.

Тухайлбал, 2014 оны  зургаадугаар  сард Улаанбаатар хотын “ЭЭН” ХХК  5 дугаар хорооллын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн  ажлын тендерт шалгарч нэг тэрбум 285 сая төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан  ч Шүүхийн байгууллагаас чанаргүй гүйцэтгэсэн нь тогтоогдож 240  сая төгрөгийг нөхөн төлүүлэхээр болжээ.

Мөн 2014 оны  наймдугаар сард Говил багт гудамжны 93 гэрэлтүүлэг хийх ажилд  348 сая төгрөгийн гэрээ байгуулсан “Говийн шинэ минерал” ХХК гэрэлгүй 93 шон суулгаж үүнийхээ 59-д нь гэрлийн толгой угсарч, 11-д нь кабель утсыг нь татаагүй орхижээ.  Үлдсэн 34 шон нь ёлтойх ч гэрэлгүй үлдсэн байна. Тиймээс чанаргүй хийсэн ажлын хөлс болох 56 сая төгрөгийг аймгийн ЗДТГ тус компаниас нэхэмжилж шүүхэд хандаад байгаа аж.

Түүнчлэн 2013 онд орон сууцны 21 блок дээврийг засварлах тендерт Улаанбаатар хотын  “Женекон” компани шалгарч 478 сая төгрөгийн гэрээ байгуулж хийх ёстой ажлынхаа 90 хувийг гүйцэтгэсэн байна. Гэхдээ хийсэн ажил нь  чанаргүй болсон тул анх гэрээ байгуулсан мөнгийг нь нэхэж байгаа аж.

Мөн  “Эрдэнэт Чандмань” ХХК нь 2-28 дугаар байр буюу дутуу баригдсан  “ТМС”-ийн байрыг худалдан авч засвар хийж, иргэдэд худалджээ. Гэтэл цэвэр, бохир усыг нь нэг шугамд холбосон байна. Иймд оршин суугчид нь гомдол гаргасан тул орон нутгийн удирдлагууд 64.5 сая төгрөг гаргаж засварлан тухайн компанийг эргэн төлөх нөхцөлтэйгээр  гэрээ байгуулжээ. Харамсалтай нь тус компани төлөөгүй тул шүүхэд хандсан байна.   

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “Эльбос Трейд” ХХК шахмал түлш үйлдвэрлэн орон нутагт нийлүүлэх гэрээ байгуулсан байна. Нийт 72.5 сая төгрөгийг орон нутгаас авч эргэн төлөх үүрэг хүлээжээ. Гэвч гэрээнийхээ нөхцөлд хүрэлгүй дампуурсан байна.  Нийт 72.5 сая төгрөгийг орон нутагт эргэн төлөх ёстой гэсэн шийдвэр Шүүхийн байгууллагаас гарчээ.

Мөн 2012-2016 онд Засаг даргын орлогчоор ажиллаж байсан  Д.Энхбат өөрийн шууд хамаарал бүхий “Үйзэн өргөө” ХХК-иараа дамжуулан Бурхан багшийн сэрэг дүрийг алтдах ажлыг гүйцэтгэхээр болж 75.3 сая төгрөгийг орон нутгийн  төсвөөс авчээ. Гэвч ажлаа гүйцэтгээгүй тул орон нутаг тус компанийг шүүхэд өгч улмаар эвлэрлийн гэрээ байгуулж дээрх мөнгийг эргэн төлөх шийдвэр гараад байна.


Холбоотой мэдээ