Монголын балетчид Кубын Их театрын тайзнаа тоглов

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-11-12 15:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Куба Улсын домогт балетчин Алисиа Алонсогийн нэрэмжит “Гаванагийн олон улсын балетын фестиваль” 2018 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ны өдрүүдэд 26 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав.


Өнгөрөгч 25 дахь удаагийн фестивальд Элчин сайд Ц.Батбаярын санаачлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч  Д.Алтанхуяг Монгол Улсаа төлөөлж олон улсын нэр хүнд бүхий энэхүү фестивальд анх удаа оролцсон билээ.


Энэ удаагийн фестивальд балет болон сонгодог урлагаар тэргүүлэгч 21 улс, олон улсын таван урлагийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын гавьяат жүжигчин, Монгол Улсын соёлын элч Д.Алтанхуяг, Монгол Улсын гавьяат жүжигчин О.Анужин нар оролцож, 11 дүгээр сарын 4, 6-ны өдрүүдэд Кубын Үндэсний театр, Алисиа Алонсогийн нэрэмжит Их театрын тайзнаа үндэсний онцлог бүхий тоглолтыг үзүүлж, монголын балетын бүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, түвшинг харуулав. Кубын үндэсний балетын шилдэг бүжигчдээс гадна АНУ, Канад, Австрали, Их Британи, Франц, Монгол, Өмнөд Солонгос зэрэг орны авьяаслаг залуу балетчдыг хамарсан энэхүү Гаванагийн фестиваль нь дэлхийд чансаагаараа айргийн тавд багтдаг байна.

Холбоотой мэдээ