Хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-12 17:32:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын захирагч С.Батболд ОХУ-ын Эрхүү хотын дарга Бердников.Д.В болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.


Хотын захирагч С.Батболд хэлэхдээ, “Эрхүү хотын даргын албан айлчлалаар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээг шинэчлэхээр боллоо. Тус гэрээний дагуу цаашид олон салбарт хамтран ажиллах боломж нээгдэх юм. Ялангуяа боловсрол, хот төлөвлөлт, нийтийн тээвэр гэсэн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр санал солилцов. Мөн ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Эрхүү хотын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан. Хоёр хотын хооронд аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэх шаардлагатайг онцолсон. Мөн Эрхүү хотод үйл ажиллагаа явуулж байгаа Монголын ААН-үүдэд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо” гэв.


ОХУ-ын Эрхүү хотын дарга Бердников.Д.В, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж олон бий. Мөн ноолуур, махан бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах олон гарц байгааг онцлон ярилцлаа. Зарим нэг борлуулалтын сувгууд нээлттэй болсон. Энэ боломжийг өргөжүүлж, чиглүүлэхэд цаашид хамтран ажиллана” гэлээ.


Улаанбаатар, Эрхүү хотууд нь 1996 онд ах дүү найрамдалт хотуудын хэлэлцээрт гарын үсэг зурснаар харилцаа, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй байдаг аж.

Эрхүү хотын их дээд сургуулиуд манай улсын олон мянган боловсон хүчин, сэхээтнүүдийг бэлтгэж байсан. Одоо ч 600 орчим монгол оюутан суралцаж байгааг зочид төлөөлөгчид онцлон ярьж байв.

Холбоотой мэдээ