Талибууд Афганистаны Засгийн газартай шууд хэлэлцээ хийхээс татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-12 17:08:31
МОСКВА. /TASS/. Афганистаны Засгийн газар ОХУ-ын нийслэл Москва хотод болсон зөвлөгөөний үеэр “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчидтэй шууд хэлэлцээ хийхийг шаардсан боловч талибууд татгалзжээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн Афганистаны асуудлыг хариуцсан зөвлөх, Гадаад хэргийн яамны Азийн хоёрдугаар газрын захирал Замир Кабулов Афганистаны асуудлаарх Москвагийн зөвлөгөөний хоёр дахь хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

“Москвагийн зөвлөгөөний үеэр талибуудтай шууд хэлэлцээ зохион байгуулахыг Афганистаны Засгийн газар шаардсан боловч талибууд тус улсын одоогийн Засгийн газрыг Америкийн эрх баригчдын тавьсан тоглоомын засгийн газар гэж үзэн эрс татгалзсан хариу өгсөн” гэж тэрбээр хэлсэн байна. “Иймээс бид Афганистаны талд мэдээлж байсанчлан тэднийг ядаж хэлэлцээний урьдчилсан үе шатыг эхлүүлэхэд ятгаж чадсангүй” гэж Кабулов нэмж хэлжээ.

Кабуловын хэлснээр, талибууд Афганистанаас гадаадын цэргүүдийг гаргах хуваарийг зөвшилцсөний дараа эрх баригчидтай хэлэлцээ хийхэд бэлэн байна. Үүнээс гадна, тэд Москвагийн хэлбэрээр хийх дараагийн зөвлөгөөнд оролцоход бэлэн байгаа аж.

Афганистаны асуудлаарх Москвагийн зөвлөгөөний хоёр дахь хурал 11 дүгээр сарын 9-нд болсон байна. Уг хуралд ОХУ, Афганистан, Энэтхэг, Иран, Казахстан, Киргиз, Хятад, Пакистан, АНУ, Тажикастан, Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд нар, тусгай төлөөлөгчид болон ажиглагчид оролцжээ. Ийм түвшинд хийсэн олон улсын уулзалтад “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид анх удаа оролцсон байна.
Холбоотой мэдээ