Үерийн гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон байртай болгоход 510 сая төгрөг хуваариллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-13 07:50:59

 Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн Өлгий сумын иргэдэд зориулж иргэн, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудаас хандивласан хөрөнгийг хуваарилах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Өнгөрөгч долдугаар сарын 14-17-ны өдрүүдэд болсон үерийн гамшигт тус аймгийн төвийн 2, 3, 12, 13 дугаар багуудын 963 өрх нэрвэгдсэнээс 286 өрх гэр оронгүй, 274 өрх их хэмжээний, 393 өрх бага хэмжээгээр хохирч, нийтдээ 15 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан хэмээн Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар танилцууллаа.  

Түүнчлэн гамшгийн үед шатахууны зардалд 399,8 сая, цэвэрлэгээ хийсэн жолооч нарын хөлсөнд 127,7 сая, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд 82,5 сая, түр хорогдох байранд байрласан хүмүүсийн хоолны зардалд 53,2 сая, томилолтын зардалд 97,1 сая, нийтдээ 760,4 сая төгрөгийн шууд зардал гарсан ажээ. Дээрх зардлуудыг тухайн үед гэрээний үндсэнд зээлээр зохицуулсан гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал танилцууллаа.  

Үерт өртсөн иргэдэд тусламж үзүүлэх ажил гамшиг болсон өдрөөс улс орон даяар өрнөсөн юм. Үүний үр дүнд олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд гэр /127 ширхэг/, худаг /15 ширхэг/ болон хоол хүнс, хувцас, гэр ахуйн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэл гэх мэт хэлбэрээр нийтдээ нэг тэрбум 286 сая 786 мянган төгрөгийн тусламжийг 955 өрх, 3240 иргэнд үзүүлжээ.

Харин аймгийн ЗДТГ-ын Хаан банк болон Төрийн банкан дахь хандивын дансанд 170 сая 929 мянган төгрөг хуримтлагдсан байна. Мөн улсын Онцгой комиссын шийдвэрээр Улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, бохирын, ус зөөврийн, эмнэлгийн автомашин, ковш, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газраас 400 мянган ам.доллар, БНХАУ-ын Элчин сайдын яамнаас 15 мянган ам.долларын тусламж тус тус иржээ.

Иймд ээлжит бус хуралдаанаар гадаадын орнуудын тусламж болон хандивын дансанд цугласан 1 тэрбум 223 сая төгрөгийг хуваарилах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгээс оруулсан гамшгийн үеэр болон гамшгийн дараах сэргээн босголтын ажилд зарцуулсан шатахуун, томилолт, ажлын хөлс зэрэг шууд зардалд 488 сая, орон гэргүй болсон айл өрхүүдийг байртай болгоход 510 сая /2019 оны хавраас барилгын ажил эхэлнэ/, үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж болгон 200 сая төгрөг, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын засварт 25 сая төгрөгийг тус тус хуваарилах тухай  саналыг дэмжин олонхийн саналаар баталлаа.

Харин аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх шууд зардлаас 100 сая төгрөгийг хасаж, иргэдэд олгох мөнгөн тусламжийг 300 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, улмаар хуралдааныг орхин гарлаа.  

   








Холбоотой мэдээ