Монгол Улсын Хүүхэлдэйн театр "70 жил, 70 тоглолт" төсөл хэрэгжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-11-12 17:22:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүүхэлдэйн театр үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд “70 жил, 70 тоглолт” төсөл, “Үлгэрч эмээ өвөө” зорилтот төслийг тус тус хэрэгжүүллээ.


Мөн. нийслэл хот үүсэн байгуулагдсаны 379 жилийн ой, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн ойн хүрээнд Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого тааврыг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” жүжгийг тавьж Нийслэлийн 9 дүүргийн хүүхэд багачууддаа үнэ төлбөргүй толилуулж байна.

Театрын түүхэн уран бүтээл, архивын үнэт баримтуудыг багтаасан “Хүүхэлдэйн урлаг 70 жил” үзэсгэлэнг “Монголын Уран зургийн галерей”-д дэлгэж үзэгч түмнийхээ хүртээл болгосон бөгөөд театрын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн бодлогоо зөв тодорхойлох зорилгоор “Монгол Улсын хүүхэлдэйн урлагийн түүхэн замнал, хөгжлийн төлөв” сэдэвт онол, практикийн бага хурлыг зохион байгуулсан юм. Энэхүү хуралд ОХУ-ын Буриад Улсын “Ульгэр хүүхэлдэйн театр”-ын төлөөлөл уригдан оролцож хүүхэлдэйн урлагийн салбар дахь дэлхийн чиг хандлагаас хуваалцлаа.

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын 70 жилийн туршид ажилласан ажлын дүгнэлт, амжилт бүтээлийг олон нийтэд дэлгэн харуулсан, цаашдын театрын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон арга хэмжээнүүд зохион байгуулснаас гадна үр бүтээлтэй ажиллаж яваа 36 уран бүтээлч ойн арга хэмжээний үеэр БСШУСЯ болон Нийслэлийн Засаг даргын шагналаар шагнагдлаа.


Холбоотой мэдээ