Улаанбаатар хотод 2030 он гэхэд хүн амын 58.8 хувь нь амьдарна гэсэн тооцоо гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-11-12 17:43:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Тогтвортой хөгжлийн зорилгыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулжээ.


Уг зураглалыг НЗДТГ-ын захиалгаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн баг нийслэлийн холбогдох албан тушаалтнууд хамтран боловсруулсан бөгөөд Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-тай нийцүүлж, Улаанбаатар хотын хөгжлийг суурь үнэлгээг үндэслэсэн байна. Түүнчлэн Улаанбаатар Аудит ХХК болон бие даасан судлаачид нийслэлийн урт хугацааны хөгжлийн хандлага, зураглалыг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлж, статистикийн тоо мэдээллийн бэлэн байдлын үнэлгээг гүйцэтгэжээ.

"Тогтвортой хөгжлийн зураглалыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал"-д “Хэнийг ч орхигдуулахгүй” буюу нийгэм дэх тэгш оролцоо, шударга байдал, иргэдийн оролцоог хангах, “Ямар ч газрыг орхигдуулахгүй” буюу бүс нутаг, газар зүйн байршлаас үл хамааран хөгжлийн үр шимийг хүртэх зарчмыг баримталсан аж.

Улаанбаатар хотод 2017 оны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь амьдарч байгаа бол 2030 он гэхэд 58.8 хувьд хүрэх тооцооллыг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Энэхүү өсөн нэмэгдэх хүн амын төвлөрлөөс үүдэх нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлуудыг урьдчилан харж, ирээдүйн эрсдэлд бэлэн байх, асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн урт хугацааны, бодлогын цогц баримт бичиг боловсруулсан гэдгийг албаныхан онцолж байна. Улаанбаатар хотын Тогтвортой хөгжлийн зорилтыг Нийслэлийн ИТХ-аар батална.


Холбоотой мэдээ