Хан-Уул дүүргийн үйлдвэрийн орчимд хромын бохирдол өндөр хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2018-11-12 18:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотын нийт газар нутгийн 88 хувь нь нянгын бохирдолтойг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байдаг бөгөөд хүн металлын хувьд хромын бохирдол өндөр байгаа талаар доктор Н.Эрдэнэсайхан хэлж байна.

Тэрээр саяхан арьс шир боловсруулах үйлдвэрүүд голцуу байрлаж үйл ажиллагаагаа явуулж буй нийслэлийн Хан-Уул дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэр орчимд хүнд металл, хромын бохирдлыг бууруулах талаар судалгаа хийснээ Цэнгэг ус, байгаль хамгаалах төвийн байранд танилцуулсан юм. Энэ үеэр доктор Н.Эрдэнэсайхан, нийслэлийн Хан-Уул дүүрэгт хромын бохирдлын хувьд Монгол Улсад хийсэн бусад судалгаатай харьцуулахад асар өндөр байгаа нь тогтоогдсон буюу хөрсний стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан, хортой аюултай хэмжээнд очсоныг онцолж байлаа.

Судалгааны дүнгийн талаарх танилцуулгыг Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-өөс зохион байгуулж, Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо (МАШҮХ) болон бусад төрийн болон ТББ-ын мэргэжлийн 30 гаруй хүн оролцлоо. Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт өнөөдрийн байдлаар арьс ширний 26 үйлдвэр ажиллаж байна. Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн Холбоо (МАШҮХ) хөрсний бохирдлыг бууруулахад технологийн шийдлийг хайж байгаа талаар тус холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан хэлсэн юм. Тэрээр арьс ширний үйлдвэрүүд хөрсний бохирдлыг саармагжуулахад мод тарин, өнгөт хавтангаар үйлдвэрийн орчмыг хучих арга хэмжээ авч байгаа талаар мэдээлсэн. Цаашид холбооны зүгээс үйлдвэрийн орчим оршин суугчид зорчдог нэг км орчим газрыг асфальтжуулах, бетонон хавтангаар хучих ажлыг санаачилан хийнэ гэж байлаа. Гэвч хэлэлцүүлэгт оролцогчид дээрх санаачилгыг түр зуурын арга хэмээн үзэж арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нийслэл хотоос гаргаж Эмээлтэд барьж буй Аж үйлдвэрийн парк руу нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлах хэрэгтэйг хэлж байв.

Хэлэлцүүлэгт оролцсон Нийслэлийн Байгаль орчны газрын хэлтсийн дарга Б.Болормаа, “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр орчмын хүнд металлын, хромын бохирдлыг бууруулах судалгаа” хийсэн доктор Н.Эрдэнэсайханд талархаснаа илэрхийлээд энэхүү судалгаа нь цаг үеэ олсон, цаашид өргөжүүлэх шаардлагатай төсөл болсоныг хэлээд төслийн байгууллагаас санал болгож буй хүнд металлын хортой чанарыг сармагжуулах арга нь Монголын нөхцөлд төсөв мөнгөний хувьд хэрэгжүүлэх боломжтой гэж байв.

Тодруулга: Доктор Н.Эрдэнэсайхан нь МБОИЗ-ийн УЗ-ийн гишүүн бөгөөд Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Түүнийг тэргүүлдэг Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв (МБОАБТ)ТББ нь 2008 онд байгуулагдсан, орчны бохирдол, хими, биологи, гамшгийн менежментийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай 10 гаруй судлаачдаас бүрдсэн мэргэжлийн баг ажиллладаг байна.

Б.Болд

 

 

Холбоотой мэдээ