Б.Хаш-Эрдэнэ: Эрсдэлийг боломж болгох арга, замыг ашиглах хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-12 19:15:30


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засагч Б.Хаш-Эрдэнэ “БНХАУ, АНУ-ын хоорондох худалдааны дайн Монголд ашигтай юу?” сэдвээр сэтгүүлчдэд хандлаа.

Тэрээр, “Худалдааны дайн” гэдэг нь, улс орнууд хилээр орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэх, төрөл бүрийн бусад хязгаарлалт тавих, үүнийх нь эсрэг тухайн барааг экспортлогч улс орнууд татвар, тариф, хязгаарлалтын төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хэлдэг. Ингэснээр дэлхий даяар хийж байгаа бараа бүтээгдэхүүний худалдааны эргэлт буурч үүнээс олох ашиг, орлого багасч, цаашлаад тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, нийлүүлэгч улс орнуудын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. “Худалдааны дайн” өнөөдөр улс төр, эдийн засаг, геополитикийн хувьд ихээхэн хүчтэй, өөрсдийнх нь эдийн засаг ирэх дарамтыг удаан хугацаанд тэсвэрлэх чадвартай БНХАУ, АНУ-ын дунд өрнөж байгаа ч энэхүү зөрчилд татагдан орсон улсууд нь эдгээр улстай эдийн засаг, улс төрийн харилцаатай байдаг Европын холбоо, Хойд Америкийн Чөлөөт Худалдааны гэрээнд хамрагдсан улс орнууд байгаа бол энэхүү худалдааны дайны хор уршгийг хамгийн их амсах нь хөгжиж байгаа, жижиг эдийн засагтай улсууд юм” гэдгийг онцолж байв.

Тухайлбал, энд Монгол Улс хамрагдан хохирогч болох өндөр магадлалтай байгаа нь манай улс АНУ болон БНХАУ-тай аль алинтай нь найрсаг, хөршийн харилцаатай, эдийн засаг, гадаад худалдааны идэвхтэй хамтын ажиллагаатай байдгаас гадна манай улс эдийн засгийн хувьд БНХАУ-аас ихээхэн хамааралтай байдагтай холбоотой.

Манай улсын экспортын 85.6, импортын 32.9 хувийг БНХАУ-тай хийж байгаа гадаад худалдаа эзэлж байгаагаас гадна тус улс руу экспортлож орлого олж байгаа гол бараа нь эрдэс, түүхий эд, импортлон худалдан авч байгаа бүтээгдэхүүн нь ихэвчлэн өргөн хэрэглээний бараа байгаа. Энэхүү үйл явц манай улсын дотоодын зах зээл дээрх валютын ханш өсөх, гадаад худалдааны алдагдалд оруулах, эдийн засгийн зарим салбарт сөрөг нөлөө үзүүлэх зэрэг эрсдэлтэй боловч эрсдэлийн нөгөө талд үргэлж боломж байдаг учир бид эрсдэлийг боломж болгох олон арга, зам байгааг ашиглах хэрэгтэй” гэж байв.


Боломжийн нэг нь, хөрөнгө оруулалт татах явдал бөгөөд сүүлийн 20-иод жил Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх нь эрдэс баялгийн үйлдвэрлэлийн салбарт байж, үүний “ач”-аар манай улсын эдийн засаг эмзэг болоод байна. Тэгвэл бид энэ үйл явцыг ашиглан эдийн засгийн бусад салбартаа Америк болон бусад хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг татах боломжийг бий болгож энэ чиглэлд эдийн засгийн бодлогыг чиглүүлэх нь зүйтэй. Учир нь Монгол Улс дэлхийн 2 томоохон зах зээлийн дунд оршиж, эдгээр хөрш орнуудтайгаа найрсаг хамтын ажиллагаатай байдаг бөгөөд эдгээр зах зээлүүд нь тодорхой сул талуудтай болоод байгаа өнөөгийн энэхүү зурвас үеийг бид хурдан ашиглах хэрэгтэй. Тухайлбал, ОХУ-д хөгжингүй орнуудын зүгээс эдийн засгийн хориг авсан байгаа тул бүхий л чиглэлээр бидэнтэй худалдаа эрхлэх нааштай хандлагатай байгаа, дэлхийн худалдаанй дайн цаашид ч тодорхой хугацаанд үргэлжлэх тул БНХАУ-ын зах зээлд ямар нэгэн хориг саадгүйгээр гарах гэсэн хөгжингүй орнуудын сонирхол цаашид ч нэмэгдэх болно. Иймээс Монгол улс энэхүү зурвас үеийг ашиглан “Эдийн засгаа солонгоруулах” олон салбарт хөрөнгө оруулалтыг хэрхэн татах талаар тодорхой бодлогоо яаралтай гарган хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Ингэснээр бид эдийн засгийн олон хөлтэй болж чадахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн тэнцвэртэй байдлыг ч бий болгох боломжтой юм.

Хоёр дахь нь, бүс нутгийн интеграчлалын давуу талыг ашиглах боломж юм. Сүүлийн жилүүдэд олон улсын улс төр, эдийн засаг, геополитикийн бодлогод бүс нутгийн даяаршил, хамтын ажиллагааны бодлого давамгайлах хандлагатай болсон үйл явц Азид ч мөн идэвхтэй өрнөж байна. Тодорхой шалтгааны улмаас энэхүү бодлого, үйл явцад БНХАУ улс манлайлан оролцож, цаашид үүнийг толгойлох, “Худалдааны дайн”-д ялахын тулд үүнийг ашиглах сонирхолтой байгаа нь бидний хувьд бас нэгэн давуу тал болж болох юм. Тухайлбал, бүс нутгийн улс орнуудтай чөлөөт худалдаа эрхлэх, хөрөнгө оруулалт, эрчим хүч, мэдлэг, мэдээллийн илүү таатай урсгалд нэгдэн орж эдийн засгийн уламжлалт бус шинэ салбаруудыг хөгжүүлэх боломжийг бид өөрсөддөө бий болгож болох юм. Жишээ нь, бид уламжлалт экспортын үйлдвэрлэлүүдээ (ноос, ноолуур, арьс ширэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл) хөгжүүлэн экспортын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой болохоос гадна уламжлалт бус үйлдвэрлэлийн экспортыг (органик хүнсний үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологийн үйлдвэрлэл) хөгжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг ашиглах боломжийг олж харж, бий болгох боломжтой. Харин бид эдгээр болон бусад боломжыг өөрсөддөө бий болгохын тулд бүс нутгийн интеграцчиллын үйл явцад эхнээс нь оролцож эхлэх хэрэгтэй.

Хөрш орнуудтай хийх гадаад худалдааг нэмэгдүүлэх боломж. Олон улсын худалдаанд одоогоор БНХАУ АНУ-тай зөрчилтэй байгаа, ОХУ-д зарим Европын холбооноос хязгаарлалт тавиад байгаа энэ үе нь бидний хувьд ашигтай байж болох үе юм. Тухайлбал ОХУ-д тавьсан хязгаарлалт зогсохоос өмнө бид ашиглан мах, махан бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлж, өөр бусад төрлийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг (тухайлбал хивс, ноос, ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнүүд г.м.) тус улсын зах зээлд нэвтрүүлж зах зээлд эзлэх байр суурийг нь бэхжүүлж авах хэрэгтэй. Үүний тулд төр, засгийн түвшинд хөрш орнуудтай гадаад худалдааны техникийн хориг саадыг багасгах, татвар, тарифыг бууруулах чиглэлээр хэлэлцээрүүд хийх шаардлагтай. Ингэсэн тохиолдолд хувийн хэвшлийнхэн хөрш орнуудын зах зээлд нэвтрэх, хамтран ажиллахад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна.

Хөгжингүй орнуудтай бий болгосон найрсаг, олон талт, харилцан ашигтай хамтын ажиллагааг эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглүүлэх. Бидний хамгийн түрүүнд хийх шаардлагатай бас нэг ажил бол хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалт, ноу-хауг татах, тэдэнтэй хийж буй гадаад худалдаагаа өргөжүүлэх, хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний төрөл, чанарыг сайжруулах үйл ажиллагаа юм. Ихэнх хөгжингүй орнууд одоо ч ОХУ болон БНХАУ-ын зах зээлийг сонирхсон хэвээр байгаа. Иймээс бид эдгээр орны хөрөнгө оруулалтыг татаж хөрш орнуудын зах зээлд нэвтрэх хамтарсан үйлдвэрүүдийг байгуулж экспортоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн өнөөгийн Монголын бараа бүтээгдэхүүний экспортын томоохон сул тал болох тээвэр, логистикийн хүчин зүйлсээс үл хамаарах шинэ төрлийн бүтээгдэхүүнүүд тухайлбал, мэдээллийн технологийн үйлчилгээ, биотехнологи, нанотехнологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хөгжингүй орнуудын зах зээлд нийлүүлэх өргөн боломж бидэнд бий. Иймээс энэ чиглэлүүдийг түлхүү хөгжүүлэх, үүнд дотоод, гадаадын хөрөнгө оруулалт хийх тодорхой бодлого боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн бид өөрсдийн бас нэгэн давуу талыг ашиглан “Дэлхийн мэдээллийн сүлжээний төв” болох дунд хугацааны тууштай бодлого гарган ажиллах нь ирээдүйд Монгол Удараагийн нэгэн Сингапур болгох ч боломжийг бий болгож болох юм. Биднийг цаг хугацаа хүлээхгүй” гэсэн юм.

Б.Болд

 

 

 

 

Холбоотой мэдээ