Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга улиран сонгогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-13 16:41:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо /ҮЭХ/-ны ээлжит 26 дугаар бага хурал 11 дүгээр сарын 12-нд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Хуралд нийт 50 төлөөлөгч оролцохоос 45 төлөөлөгч оролцож, аймгийн ҮЭХ-ны дарга, хяналтын зөвлөлийн дарга, тэргүүлэгчдийг шинээр сонгох асуудлыг хэлэлцжээ.

Аймгийн ҮЭХ-ны даргыг сонгох ээлжит сонгуульд О.Батзаяа, Н.Сэргэлэнбаатар, Б.Отгонпүрэв, Э.Уугантуяа, Ж.Нямцэцэг нар нэр дэвшин өрсөлдсөнөөс нийт төлөөлөгчдийн 68,2 хувийн саналаар О.Батзаяа ялалт байгуулж, ҮЭХ-ны даргаар улиран сонгогджээ. Хяналтын зөвлөлийн даргаар Б.Сарантуяа, гишүүдээр З.Сарангуа, Б.Алдуул нар сонгогдсон байна.

“Миний хувьд 2014 онд аймгийн ҮЭХ-ны даргын ажлыг авсан цагаасаа хойш өнөөг хүртэл нийгмийн түншлэлийг дээшлүүлэх, сум аймгийн хамтын хэлэлцээрийг сайжруулах, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх, холбооны идэвхтэн гишүүд, сонгуульт албан хаагчдаа чадавхжуулах, тэднийг шагнаж урамшуулах, МҮЭХ-ны үйл ажиллагааг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх, жагсаал цуглааныг хуулийн хүрээнд зохион байгуулах зэрэгт анхааран ажилласан байна. Харин ирэх жилүүдэд хамтын гэрээ хэлэлцээрээр цалин хөлс нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллаа сайжруулахад түлхүү анхаарах, гишүүд сонгуультнуудаа чадавхжуулах сургалт семинарьт тогтмол хамруулах, албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн хамтын гэрээг үр дүнтэй болгох, тэргүүний аймгуудын холбоодтой танилцаж, туршлага судлах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Надад итгэл хүлээлгэн дахин сонгосон нийт гишүүддээ талархал илэрхийлье. Хамтдаа нийтийн эрх ашгийн сайн сайхны төлөө хүчин зүтгэхээ илэрхийлж байна” хэмээн аймгийн ҮЭХ-ны дарга О.Батзаяа хэллээ.


Холбоотой мэдээ