"Хадаа аварга"-ын нэрэмжит барилдаанд Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-13 10:01:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат, Монгол Улсын хүчит аварга Дагвацэрэнгийн Хадбаатарын нэрэмжит аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан Спортын төв ордонд болж аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл найм даван түрүүллээ.


Тэрбээр Булган аймгийн Орхон сумын харъяат, Хилийн цэргийн 0108 дугаар тусгай салбар, “Булганхан” дэвжээ, “Кардыш” ХХК-ийн бөх бөгөөд энэ жил Налайх дүүргийн наадамд түрүүлсэн юм. Аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан тус барилдаанд түрүүлсэн Б.Түмэндэмбэрэл даваа бүрд даацтай мэхээр дагнасаар итгэл төгс түрүүлэв. Тэрбээр улсын заан Д.Баасандоржийн гарын шавь юм.


Улсын их баяр наадамд арван жилийн зайтай /1976, 1986/ хоёр түрүүлж, гурвантаа үзүүрлэж, нийтдээ 11 удаа шөвгөрсөн, хэмжээгүй их бяр, хээгүй гэнэн зангаар ард олныхоо сэтгэлд мөнхөрсөн Д.Хадбаатар аваргын нэрэмжит барилдаанд аймгийн хурц арслан зургаа, аймгийн арслан 45, цэргийн арслан нэг, аймгийн заан 15, аймгийн харцага 32, цэргийн харцага нэг, аймгийн начин 81, сумын заан 75 зодогложээ.


Үзүүрт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын Хүчтэн Дэвжээ”, “Депод” ХХК”-ийн бөх, аймгийн арслан Баянзулын Цэдэнсодном шалгарав. Тэрбээр а.н.н О.Мөнх-Эрдэнэ, а.а Н.Өсөхбаяр, а.а Х.Цогтгэрэл, а.а Д.Бадамгарав, а.а Ж.Ням-Эрдэнэ нарын сайчуулыг тун төвөггүй, дараалан орхиж үзүүр булаав. Б.Цэдэнсодном улсын арслан Д.Ганхуягийн гарын шавь билээ.


Их шөвөгт Увсын Тэсийн нас чацуу арслангууд шалгарав. Ж.Ням-Эрдэнэ арслан тун ч өнгөтэй байсан бол Ц.Мөнхбаяр арслан бэлтгэл сайтай харагдаж байлаа. Дунд шөвөгт Ховд аймгийн арслан Д.Бадамгарав, Ш.Мөнх-Од, Булган аймгийн заан Э.Энх-Амгалан, Завхан аймгийн начин Д.Батбаатар нар шалгарав. Уран барилдааны шагналыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, чөлөөт бөхийн спортын мастер, аймгийн харцага Б.Өлзийсайхан хүртлээ.


Дашрамд сонирхуулахад, Аймаг, цэрэг сумын цолтой бөхчүүдийн зөвлөлөөс ирэх сард энэ жил аймгуудын баяр наадамд түрүүлсэн арслангуудын дунд тойргийн барилдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ