Израил болон газын босогчдын хоорондох мөргөлдөөн ширүүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-13 10:13:09

ГАЗЫН ЗУРВАС. /BBC/. Израилын тусгай хүчний ажиллагааны улмаас террорист “Хамас” бүлгийн долоон босогч болон Израилын нэг цэрэг амь үрэгдснээс хойш нэг хоногийн дараа буюу даваа гарагт сөргөлдөгч талуудын хоорондох мөргөлдөөн улам ширүүссэн байна.


Босогчид Израилын тал руу 300 пуужин болон мина харвагчаар галласан бөгөөд тэдгээрийн нэгд хүнгүй автобус өртсөний улмаас ойролцоо байсан цэргийн албан хаагч хүнд шархаджээ.


Үүний хариуд Израилын тал “Хамас” болон Лалын “Жихад” бүлгийн босогчдын түшиц газрын онилон агаарын 70 гаруй цохилт өгсөн ба гурван палестин иргэн амь үрэгдсэний хоёр нь террорист бүлгийн босогч байжээ.


Газын зурвас дахь Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, дээрх мөргөлдөөний улмаас есөн палестин иргэн шархадсан аж. Харин Израилд 10 хүн шархадсан гэж тус улсын эрүүл мэндийн газрын төлөөлөгч мэдээллээ.


Израилын армийн Хошууч Генерал Камиль Абу Рукун мэдэгдэхдээ, “Хамас бүлгийн босогчид улаан шугамыг давлаа” хэмээгээд, ямар нэг террорист үйл ажиллагаа болон пуужингийн довтолгооны эсрэг төмөр нударгаар хариу барих болно гэжээ.


Өнгөрсөн ням гарагт гарсан мөргөлдөөнтэй холбогдуулан Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Францад хийх айлчлалын хугацаагаа богиносгох шийдвэр гаргасан тухай өмнө нь мэдээлсэн билээ. 

Холбоотой мэдээ