Төрийн албан хаагчдын мэргэжлийн түвшинг үнэлэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-13 14:03:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн албаны шинэчилсэн найруулгын тухай хуулийг төрийн албан хаагчдаар судлуулсан байдал болон хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явцыг шалгах, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 258 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд зохион байгуулж буй төрийн албан хаагч нарын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын хэсэг өнөөдөр Өлгий хотод хүрэлцэн ирлээ.

"Төрийн албан хаагчдын мэргэжлийн түвшинг үнэлэх ажил орон даяар явагдаж байна. Өнөөдрөөс 10 аймагт ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд нэгдүгээрт онлайнаар сорилын шалгалт авна. Хоёрдугаарт төрийн байгууллагуудыг үнэлнэ. Түүнчлэн албан хаагч бүртэй тулж ярилцаж, үнэлэх ажлыг явуулна" хэмээн ажлын хэсгийн ахлагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын референт Ё.Жаргалсайхан тайлбарлалаа.

Төрийн албан хаагч нарын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлын хэсэг өнөөдөр болон маргааш Өлгий хотод, энэ сарын 15-18-ны өдрүүдэд хөдөө сумдад ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ