ГССҮТ-ийн эмч нар мэс заслын шинэ аргыг нэвтрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-13 14:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГССҮТ-ийн эмч нар баг бүрэлдэхүүнээрээ орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан “Эгэм далны холбоосны урагдал, гэмтлийн зангуут түгжээг ашиглан сэргээх” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ.

Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүнд Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид, Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэнлзий, Яс үений гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх, Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам, М.Амгаланпүрэв, Мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан нар багтжээ.

Энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтсаар эгэм далны холбоосыг сэргээж байсан. Мэс заслын дараа мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг байна. Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг гэдгийг эмч нар хэлж байна.

Энэ нь мэс заслын дараах өвдөлт бага, үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэх, зөөлөн эдэд хөнөөл багатай, сорви бага үүсдэг, үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр, мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага, шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрэхээс гадна үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэдэг аж.



Холбоотой мэдээ