Шатахууны хүргэлт, тээвэрлэлт дээр аюулгүй байдлыг зөрчсөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-13 16:41:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад нефтийн бүтээгдэхүүнийг импортлон тээвэрлэх явцад хэмжилт бүрдүүлэлт хийж байна гэж олон цагаар зогсоон олон улсын дүрэм, аюулгүй байдлын журмыг анхаардаггүй зэрэг зөрчлүүд гарч буйг өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-аас хийсэн хэлэлцүүлэг дээр хөндөж байв.

Дээрх зөрчлүүд нь гаалийн байгууллагын олон шат дамжлаг болон импортлогч, хүлээн авагч ААН-үүдийн хариуцлагагүй байдалтай холбоотойгоор ихэвчлэн гарч байгааг УБТЗ” ХНН-ийн Ачаа тээвэр хариуцсан орлогч дарга С.Цэвээндорж хэлж байв.


Тодруулбал, Гаалийн ерөнхий газар, Нефть импортлогчдын холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх Экспертийн газрын хооронд гэрээ байгуулахдаа УБТЗ-ын саналыг тусгаж аваагүй учир энэ гэрээг цуцлах санал тавьж байв. Өнөөдөр шатахуун тээвэрлэх явцад хорогдол гарч буй эсэхийг гараар буюу модон хэмжүүрээр хэмждэг нь хэт болхи, цаг их шаарддаг тул вагон пүү хэрэглэх шаардлагатайг онцлов. Төмөр замын зарим өртөөнд гаалийн ганц байцаагч 100 галт тэрэг шатахууныг хэмжиж бүрдүүлэлт хийдэг нь хугацаа шаарддаг, ачаа саатуулдаг сөрөг нөлөөтэй бэрхшээл үүсгэж байна гэв.


Төмөр замаар ачаа тээвэрлэх олон улсын журамд ачаатай галт тэрэг 2-оос дээш, олон цагаар сул зогсохыг хориглосон байдаг атал манайд хэдэн өдрөөр ачаатай галт тэрэгнүүд сул зогсдог. Энэ нөхцөлд УБТЗ одоогоор шатахуун ачсан галт тэрэг 2-оос дээш цагаар сул зогсоход улсын байцаагч болон цагдаад мэдэгдэх арга хэмжээ авдаг байна.


 Тэр бүү хэл зарим өртөөнд шатахуун ачсан галт тэрэг зорчигчийн галт тэрэгтэй зэрэгцэн зогсдог нь аюулгүй байдлыг зөрчиж буй хамгийн тод жишээ болж байгаа аж. Галт тэрэг олон цагаар сул зогсоход хүргэдэг бас нэг шалтгаан нь Гаалийн ерөнхий газрын төв лабораторид хийдэг шинжилгээний хариуг хүлээх аж. Зарим тохиолдолд дээжийн хариуг 3-4 хоног хүлээдэг тул Гаалийн ерөнхий газар лабораторийнхоо хүчин чадлыг нэмэх эсвэл өөр лабораториудаар ч шинжилгээ давхар хийлгэх хэрэгтэй гэв. Мөн Толгойт өртөөнд ажилладаг гаалийн байцаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах санал дэвшүүллээ.

Шатахуун импортлогчид агуулах савныхаа хэмжээг тооцоололгүй их хэмжээгээр шатахуун импортолдгоос УБТЗ-ын ажлын үзүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг гэсэн юм. Жишээ нь Сүхбаатар өртөөнөөс Чойр хүргүүлэх захиалга өгсний дараа галт тэрэг замд явж байхад Замын-Үүдэд буулгуулна гэж хаяг солиулах, Замын-Үүдэд хүргэсний дараа Сайн-Шанд хүргүүлье гэх бараг дураараа хандах байдал гардагийг төмөр замын төлөөллүүд хэлж байв.   


АМГТГ-ны зүгээс шинээр барьсан ШТС-ыг хүлээн авахад мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулж, төрийн байгууллагуудын уялдаа холбоо ханган ажиллаж байх санал тавьж байв.

Олон улсын бирж дээрх газрын тосны үнийг манай импортлогчид сар хагасын хоцрогдолтойгоор жижиглэнгийн үнээр мөрддөгийг олон нийтэд зөв мэдээлж, ойлгуулах шаардлага байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байв. Тодруулбал, манай ААН-үүд шатахуун худалдан авахдаа өмнөх сарын дундаж үнэд суурилсан, ижил үнээр авдаг аж. Гэтэл иргэд дэлхийн зах зээлд шатахууны үнэ буурсан байтал энд өндөр үнэтэй хэвээр байна гэж бухимддаг. ОХУ-ын “Роснефть компаниас шатахуунаа аваад Ангарскаас Сүхбаатар өртөөгөөр дамжин галт тэргээр тээвэрлэхэд ойролцоогоор 14 хоног зарцуулдаг байна.

“Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний талаар төрийн байгууллагуудад тулгамдаж буй асуудал” сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлэгт УУХҮЯ, МХЕГ, ШӨХТГ, ГЕГ, УБТЗ, МҮХАҮТ-ын төлөөллүүд оролцож нефтийн бүтээгдэхүүний импорт, тээвэрлэлт, хүргэлт дээр гарч буй дээрх бэрхшээлүүдийг нэг дор ийнхүү ярилцсан юм.



Б.Болд

Холбоотой мэдээ