Засаг даргын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөгийг цагаан сар, наадам, хүлээн авалтад зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-14 13:13:54

Ховд/МОНЦАМЭ/Авилгатай тэмцэх газрын Хяналт шалгалтаар Ховд аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс баяр ёслол, ойн арга хэмжээ, хүлээн авалт, тусламж, дэмжлэгт зарцуулах төсвийн хөрөнгөд хэт үрэлгэн хандсан нь тогтоогджээ. Тухайлбал: 2018 онд Засаг даргын нөөц хөрөнгөөс цагаан сар, наадам, ой тэмдэглэхэд 24.2 сая, хүлээн авалтад 12.6 сая, урамшуулалд 37.6 сая гэх мэтээр нийт 151.9 сая төгрөг зарцуулжээ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2018 оны Үндэсний их баяр наадмын төсвийг 55.8 сая төгрөгөөр баталж, аймгийн Засаг даргаас нийт 60.1 сая төгрөг зарцуулах захирамж гаргажээ.

АТГ-ын ажлын хэсэг төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмаар сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжээс шаардлага хангаагүй техник, тоног төхөөрөмжийг гэрээний дагуу нийлүүлэхэд нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтны авлигын шинжтэй үйлдлийг илрүүлсэн бөгөөд үүнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.

Мөн шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг шалгаж байна.

Аймгийн ИТХ-ын Ерөнхий менежерийн зүгээс холбогдох тушаал шийдвэргүйгээр, мөн хандив өгөх хэлбэрээр төсвийн хөрөнгийг зарцуулж байсан тохиолдол гарчээ. Тухайлбал, 2018 онд “Ховд суварга” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ном хурах үйл ажиллагаанд, шагайн харваанд зориулж иргэн М-д, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хандивын тоглолтод мөнгөн хөрөнгө зарцуулсан, ИТХ-аас иргэн, хуулийн этгээдэд шагнал урамшуулал олгохдоо “Аймгийн шагналын журам”-аар тогтоосон мөнгөн дүнгээс хэтрүүлэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгааг Ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

Нутгийн захиргааны байгууллагын дэргэд шашны үйл ажиллагаа эрхлэн явуулах үндсэн чиг үүрэгтэй орон нутгийн өмчийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Ганданпунцагчойлин” хийдийг ажиллуулж байгаа нь “Төрийн байгууллага нь шашин, улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй” хэмээх Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм.



Холбоотой мэдээ