Албадлагын арга хэмжээг шийдвэр гүйцэтгэх салбараар хязгаарлахгүйг онцлов

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-11-14 11:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн үндэсний хүрээлэн /ХЗҮХ/-д өчигдөр болсон “Албадлагын арга хэмжээнд тавих хяналтын тогтолцоо-хэрэгжилт, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэгчид албадлагын арга хэмжээ зөвхөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх салбараар хязгаарлагдахгүйг онцлов.

ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын төв, ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хамтран зохион байгуулж буй тус хуралд шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын төлөөлөл, хуулийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулийн багш, судлаачдаас бүрдсэн 80 орчим хүн оролцлоо.

Оролцогчид албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэй бөгөөд хуулийн салбарынхны хамтын оролцоо чухалд санал нэгдэж байв. 

Мөн зөрчлийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд багагүй дутагдал байгааг хэлэлцэв.

Тэдгээрийг шийдвэрлэх саналаа нэгтгэн ХЗДХЯ болон бусад холбогдох байгууллагад хүргүүлэхээр болжээ.


Холбоотой мэдээ