Умайн хүзүүний хорт хавдраар улсын хэмжээнд 461 эмэгтэй оношлогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-11-14 12:25:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр хавдар судлаач эмч нарын XIII үндэсний чуулга уулзалт “Blue Sky” зочид буудалд эхэллээ.

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр "Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг сайжруулах арга зам" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж уг асуудлаар хэрэгжүүлэх бодлого чиглэлийг хэлэлцэж, зөвлөмж гаргахыг зорьж байна.

ДЭМБ-ын 2018 оны статистик мэдээгээр дэлхий дээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9.5 сая хүн хорт хавдрын шалтгааны улмаас нас барж байна. Үүнээс умайн хүзүүний хорт хавдраар 569,847 эмэгтэй, умайн хүзүүний хорт хавдрын улмаас 311,365 эмэгтэй эндсэн гэсэн тоо баримт гаргажээ. Харин Азийн орнуудад өвчлөл, нас баралт өндөр байгаагийн дотроос Монгол Улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт өвчлөл нас баралтаараа тэргүүлж байна. Зүүн өмнөд Азийн бүс нутгийн орнуудад (Япон, Хойд Солонгос, Хятад, Өмнөд Солонгос, Монгол)  дунджаар 100 мянган хүн амд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийн стандарт түвшин 10,9 тохиолдол, нас баралтын стандарт түвшин 4,1 тохиолдол байсан бол Монголд 100 мянган хүн амд 23,5 тохиолдол,  нас баралт 10,2 тохиолдол байгаа юм. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн Бүртгэл тандалтын албанаас гаргасан статистик тоо мэдээгээр манай улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл тасралтгүй нэмэгдэх хандлагатай байна. 2008-2017 онд умайн хүзүүний хорт хавдраар жилд дунджаар 400 гаруй  эмэгтэй шинээр өвчилж, умайн хүзүүний хорт хавдрын шалтгааны улмаас 140 гаруй эмэгтэй нас баржээ.

Умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдох хавдрын хоёрдугаарт, нийт хорт хавдрын шинэ тохиолдлоор гуравт, нас баралт нь тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах талаар  авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг бол ХСҮТ 2012 онд Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр “Умайн хүзүү, хөхний өмөнгийн илрүүлэг, эргэн дуудах тогтолцоо”-г үндэсний хэмжээнд анх нэвтрүүлсэн. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийг эсийн шинжилгээний аргад суурилан хийх болсон 6 жилийн хугацаанд зорилтот насны (30-60 нас)  422 мянга гаруй эмэгтэйчүүдийг хамруулж  эрт илрүүлгийн хамрагдалтын дундаж  улсын хэмжээнд 40 хувьтай, умайн хүзүүний хорт хавдраар 461 эмэгтэй оношлогдсон байна.

                                                                                                                   

ДЭМБ-аас 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөлийг 100 мянган эмэгтэйд 4 тохиолдол болгох зорилтыг тавьсан. Уг зорилтыг хэрэгжүүлэхэд  дэмжлэг үзүүлэх 17 улс орны тоонд манай улс орсон. Энэхүү ажлын  хүрээнд зохион байгуулж буй уг уулзалт хэлэлцүүлгээр манай улсад хэрэгжиж буй умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлгийн  үр дүн, тулгамдаж буй асуудлууд, цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар  хэлэлцэж, зөвлөмж гаргахыг зорьж байгаа билээ. Уулзалт хэлэлцүүлэгт ЭМЯ, ДЭМБ, НҮБ-ын Глобал хамтын хөтөлбөр, Олон улсын хавдрын судалгааны агентлаг, ХСҮТ, ХӨСҮТ, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн төлөөлөл зэрэг олон талууд оролцож санал солилцох юм. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ