Ховор ягаан алмааз хамгийн өндөр үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-14 13:03:51
ЖЕНЕВ. /RIA Novosti/. Бараг 19 каратын жинтэй ховор ягаан алмаазыг Швейцарийн Женев хот дахь “Christie's” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулж, 44.5 сая швейцар франкаар /44 сая ам.доллар/ худалджээ. Энэ нь каратын хувьд хамгийн өндөр үнэ аж.

Дээр дурдсан үнэ нь дуудлага худалдааны гэж нэрлэдэг үнэ юм. Худалдан авагчийн дуудлага худалдааг зохион байгуулагчид хийсэн төлбөрийг оруулаад ховор үнэт чулуу бүхий бөгжний үнэ 50.37 сая ам.доллар болсон байна.

Хосгүй ягаан алмаазны шинэ эзэн нь үнэт эдлэлийн “Harry Winston” ордон болсон байна. Уг ордныхон алмаазын нэрийг “Уинстоны ягаан өв” гэж өөрчилжээ.

“Ягаан өв”-ийг 30-50 сая ам.доллараар худалдана гэж төлөвлөж байжээ. 24 сая швейцар франкаас үнэ хаялцуулж эхэлсэн уг алмаазыг Өмнөд Африкийн нэгэн орд газраас олсон байна. Ховор чулууг “De Beers” хэмээх алмаазны компанийг удирддаг Оппенгеймерийн гэр бүл удаан хугацаанд эзэмшиж байжээ.

"Ягаан өв” нь 18.96 каратын жинтэй, тэгш өнцөгт зүсмэл хамгийн том чулуу юм. “Christie's” ордны 250 жилийн түүхэнд гүн ягаан өнгийн 10 гаруй каратын жинтэй ердөө дөрвөн чулууг дуудлага худалдаанд тавьж байжээ. 2017 оны 11 дүгээр сард Хонконгт болсон дуудлага худалдаагаар “Ягаан амлалт” гэж нэрлэсэн зууван ягаан алмааз хоёр сая ам.долларын үнэ хүрч зарагдаж байв.
Холбоотой мэдээ