Үерийн гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлсэн тусламжийн хөрөнгөний талаар мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-14 17:22:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус VII хуралдаан энэ сарын 12-ны өдөр болж, өнгөрөгч долдугаар сард үерийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд туслах зорилгоор гадаадын улс орнууд,  олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс ирсэн хандивын мөнгийг хуваарилах асуудлыг хэлэлцсэн юм.

Дээрх хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар мэдээлэл хийлээ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан хэлсэн үгэндээ: "Хуралдаанаар Казахстан Улсын Засгийн газраас гамшгийн дараах эргээн босголтын ажилд зориулж манай улсад 500 мянган ам.долларын тусламж үзүүлсэн. Засгийн газраас 400 мянган ам.долларыг нь Баян-Өлгий аймагт зарцуулахаар шийдвэрлэсэн байгаа. Мөн БНХАУ-ын ЭСЯ-аас 15 мянган доллар хандивласан. Хаан болон төрийн банкан дахь хандивын дансанд 240 орчим сая төгрөг орсон. Үүний 80 сая нь Энэтхэгийн ЭСЯ-ны тусламж бөгөөд тус улсын Элчин сайд Суреш Бабутай байгуулсан гэрээний дагуу үерт өртсөн иргэдэд шинээр олгосон газарт хоёр гүний худаг, цахилгааны шугам татах зэрэгт зарцуулсан. Мөн Улаанбаатар хотын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хандивласан нэг сая төгрөгийг хандивлагчдын хүсэлтээр Өлгий сумын дөрөвдүгээр хүүхдийн цэцэрлэгийн засварын ажилд зориулахаар гаргасан. Ингээд  хандивын дансны үлдэгдэл 170,9 сая төгрөг, гадаадын улс орнуудаас ирсэн 415 мянган доллар, нийтдээ өнөөдрийн ханшаар нэг тэрбум 223 сая төгрөгийг төлөөлөгчдөөр хэлэлцүүлж хуваариллаа. Үүнд 510 сая төгрөгийг гамшгийн улмаас орон байргүй иргэдэд зориулж байшин барихад, 200 сая төгрөгийг үерт нэрвэгдсэн иргэдэд мөнгөн тусламж олгоход, 488 сая төгрөгийг гамшгийн үеэр гарсан шатахуун, жолооч нарын цалин хөлс, ариутгал, халдваргүйжилтийн зардалд, 25 сая төгрөгийг үерийн ус орсон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байрыг засварлахад зарцуулахаар тус тус баталлаа" гэв.

            Харин аймгийн Засаг дарга А.Гылымхан: "Гамшгийн үед манай Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, эхний ээлжид гэр, техник гээд нийтдээ 500 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлсэн.  Мөн аймгийн удирдлага 100 гаруй байгууллагад хандив өргөх, сэргээн босгох ажилд туслах хүсэлт тавьсан. Үүний үр дүнд 30 гаруй байгууллагаас 1,3 тэрбум төгрөгийн тусламжийг ард иргэдэд өөрсдөө газар дээр нь үзүүлсэн. Зардлын асуудлыг аймгийн ИТХ-ын хуралдаанаар хоёр дахь удаагаа хэлэлцлээ. Ажлын хэсэг байгуулж, тэдний оруулсан саналын дагуу ирсэн бэлэн мөнгийг шийдвэрлэлээ. Үүний үр дүнд гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон 50-60 өрхөд байшин /8х8 метрээс багагүй хэмжээтэй/ барьж өгөх боломж бүрдлээ. Үерийн дараа хуримтлагдсан лагийг тээвэрлэх, ариутгах, түр хорогдох байранд байрласан хүмүүсийн хоолны зардал зэрэгт 488 сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэснийг зарим иргэд буруугаар ойлгоод байх шиг байна. Уг ажилд Нийтдээ 800 орчим төгрөгийн зарлага гарсан байгаа. Шатахууны мөнгийг шийдэхгүй бол хуулийн байгууллагад очиж, алданги, хүү төлөх нөхцөл байдал үүссэн. Гамшгийн тухай хуулиар гамшгийн голомтод ажилласан хүмүүст томилолт олгох ёстой. Томилолтын зардалд 90 гаруй сая төгрөг гарсан ч бид энэ удаад мөнгө тавиагүй. Харин Засгийн газарт уламжлаад байна. Үерт өртсөн иргэдэд туслах чиглэлээр цаашид ч ажлууд зохион байгуулж, онцгой анхаарч ажиллана" хэмээлээ.

Холбоотой мэдээ