Хутаг-Өндөр сум өнгөрсөн зуны байгалийн гамшгийн улмаас зоорины гачаалд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-15 10:45:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өнгөрсөн зун болсон үер, байгалийн гамшгийн улмаас төмс, хүнсний ногоо хадгалах зоорины хангамж мууджээ. Сумын хэмжээгээр энэ намар 1719 тонн төмс, 244 тонн хүнсний ногоо хураан авсан байна.

            - Сумын хэмжээгээр нийтдээ 500 тоннын багтаамжтай зоорь дахин ашиглах боломжгүй болсон. Хүний амь нас эрсэдсэн байгалийн гамшгийн улмаас айл өрхийн зоорь лаг шаварт автсан. Зооринд тунасан шавар ариун цэврийн цооног, бие засах газрын бохиртой холилдсон учир эрүүл ахуйн талаасаа ашиглах ямар ч боломжгүй байгаа гэж сумын Засаг дарга П.Итгэлбаяр хэллээ.

            Тус суманд төмс, хүнсний ногоо хадгалах 500-1000 тоннын багтаамжтай механикжсан зоорь барихаар Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ч хэрэгжиж эхлээгүй байгаа юм.

            Төмс, хүнсний ногоо тариалагчид ургацаа зах зээлд борлуулахыг илүүд үзэж, хадгалж нөөцлөн хавар борлуулах бололцоо муудаж, ашиг орлого нь багасах нэг нөхцөл үүсээд байгаа талаар сумын удирдлага тайлбарлалаа.

Холбоотой мэдээ