Чуулганаар “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 10:25:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.06 цагт 52 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар нийт 19 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцууллаа.

Энэ үеэр О.Баасанхүү гишүүн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэргийн талаар Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг бямба гараг буюу энэ сарын 17-нд болох чуулганы хуралдаанаар хэлэлцэх санал гаргав.

ХХААХҮ-ийн сайдыг томилоогүй байгаа энэ үед мал аж ахуйн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсох шаардлагагүй гэдгийг Л.Болд гишүүн дурьдсан юм. Тэрбээр, “ХХААХҮ-ийн сайдыг томилсны дараа Ерөнхий сайдын мэдээллийг сонсч, түүнд нь тулгуурлан сайдад үүрэг чиглэл өгөх нь зөв. Харин долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй” хэмээв.

УИХ-ын дарга М.Энхболд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан асуудалтай холбоотой асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонсох саналаа Засгийн газарт хүргүүлэх ёстой. О.Баасанхүү гишүүн уг саналаа хүргүүлсэн тохиолдолд сонсох боломжтой” гэв.

Харин “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалт хийх ажлын хэсгийн ахлагч Я.Санжмятав гишүүн, “Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын явцын мэдээллийг Эдийн засаг болон Хууль зүйн байнгын хороонд танилцуулах боломжтой. Мөн ажлын хэсгийн зүгээс хууль, хяналтын байгууллагуудад хяналт, шалгалтын ажлыг шуурхай зохион байгуулах хэрэгтэй” гэдгийг дурьдлаа.

Ийнхүү чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ