АНУ 2001 оноос хойш байлдааны ажиллагаанд бараг 6 их наяд доллар зарцуулжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
Jargal.d@montsame.mn
2018-11-15 12:18:49
ВАШИНГТОН. /TASS/. АНУ сүүлийн 20 жилийн хугацаанд байлдааны ажиллагаа явуулахад 5.9 орчим их наяд ам.доллар зарцуулжээ. Тус улсын оролцсон дайны улмаас бараг хагас сая хүн амиа алдсан байна. Ийм судалгааг Брауны их сургуулийн профессор Нета Крауфорд хийжээ.

Дээрх мөнгөн дүнд Пентагоны зарцуулсан хөрөнгө мөнгөнөөс гадна, “Төрийн Департаментын дайнтай холбоотой зардал, ахмад дайчдад зориулсан халамж үйлчилгээ, дайны нөхөн төлбөрийн хүү, террорист ажиллагаануудаас урьдчилсан сэргийлэхэд болон Дотоодын аюулгүй байдлын яамнаас ийм ажиллагаануудын эсрэг явуулсан хариу арга хэмжээнүүдэд гаргасан зардлыг” оруулсан гэж Америкийн нэр хүндтэй сургуулиудын нэг болох Брауны их сургуулийн цахим хуудсанд лхагва гарагт нийтлэгдсэн судалгаанд дурдсан байна.

Крауфордын тооцоолсноор бол, Афганистан, Иракийн дайн, Сири болон бусад оронд явуулсан байлдааны ажиллагаа зэрэг Америкийн оролцсон байлдааны бүх ажиллагааны улмаас 480 мянга гаруй хүн амиа алдсаны 244 нь энгийн иргэд аж. Ойролцоогоор 10 сая хүн оршин суугаа газраа өөрчлөхөөс аргагүйд хүрчээ.

Хэрэв байлдааны ажиллагаанууд 2023 он гэхэд дуусна гэж үзвэл, зардлын хэмжээ дайны нөхөн төлбөрийн хүүг тооцолгүйгээр дор хаяж 6.7 их наяд ам.доллар болно гэж Крауфорд үзэж байна.

Есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ байлдааны ажиллагаа явуулахад 1.5 их наяд ам.доллар зарцуулсан тухай мэдээллийг Пентагон 2018 оны гуравдугаар сард өгсөн билээ. Гэвч судалгаа хийсэн профессорын хэлж буйгаар, энэ нь зарцуулсан мөнгөний ердөө багахан хувь нь юм.
Холбоотой мэдээ