Налайхын донорууд дүүрэгтээ цусаа өгөх боломж нээгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-15 16:03:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ-өөс цус зөөвөрлөдөг байсан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв дэргэдээ АХБ-ны санхүүжилтээр шинэ Цусны төвтэй болж өнөөдрөөс үйл ажиллагаагаа эхэллээ.

Тус төвийг дүүрэгт шинээр ашиглалтад орсон 50 ортой хүүхдийн эмнэлгийн "B1" давхарт байгуулсан бөгөөд 1-4 багц бүхий нийт 43 төрлийн цус үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалтыг хийсэн байна. 



Дүүргийн Цусны Төвийн эрхлэгч А.Энхчимэг, "Манай төв ЦССҮТ-өөс цус зөөвөрлөж эмнэлгийнхээ хэрэгцээг хангадаг байсан. Налайх дүүрэг нь газар зүйн байршлын хувьд Нийслэлээс алслагдсан, амралт зугаалгын бүс, зүүн аймгуудыг холбосон хурдны зам дамжин өнгөрдөг учир зам тээврийн осол их гардаг. Сүүлийн жилүүдэд дүүрэгт авто ослын тоо өсч, хийсвэр хагалгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн цусны хэрэгцээ ихсэж байна. Энэхүү цусны төв ашиглалтад орсноор цус сэлбэх шаардлагатай өвчтөнд шуурхай үйлчлэх боломж нэмэгдлээ. Мөн дүүргийн цусны донорууд ЦССҮТ-ийг зорих шаардлагагүйгээр энэхүү шинэ төвд цусаа өгөх боломжтой боллоо” гэв.



Налайх дүүргийн ЭМТ-ийн дарга Л.Байгал, "Дүүргийн цусны төвийн үйл ажиллагаа 15 жилийн дараа эргэн сэргэж байна. Цаашид цусны үйлдвэрлэл өргөжсөөр "нөөц төв" болно гэдэгт итгэлтэй байна. Ажлын байр хоёроор нэмэгдсэн" гэв.

Налайхын ЭМТ-ийн дэргэд 1980 оноос цусны төв ажиллаж байгаад техник төхөөрөмж муудаж, ашиглалтаас гарсны улмаас 2003 онд үйл ажиллагаагаа зогсоожээ. Түүнээс хойш тус төв 15 жилийн турш Улаанбаатар хотын ЦССҮТ-өөс цус цусан бүтээгдэхүүнээ зөөж тээвэрлэдэг байв. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 27 цус сэлбэх төв  үйл ажиллагаагаа явуулж байна.

Холбоотой мэдээ