Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд цахимаар лавлагаа олгодог болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-11-15 16:37:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-аас 1995 онд Харилцаа холбооны тухай хуулийг баталсан бөгөөд үүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Хуулийг дагаж мөрдсөнөөс хойших 18 жилийн хугацаанд техник, технологид зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч, Монгол Улсын нутаг дэвсгэрийг хамарсан тоон дамжуулах сүлжээ, суурин болон үүрэн холбооны сүлжээ, олон сувгийг дамжуулах сансрын хиймэл дагуулын сүлжээг байгуулсан. Энэ мэтээр манай эдийн засаг, нийгмийн бүх салбар, иргэдийн амьдралд мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологи, үйлчилгээ, хэрэглээ нэвтэрч байгаа билээ. Гэвч одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд өнөөгийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын харилцааг зохицуулахад тодорхой хэмжээний бэрхшээл үүсч байгаа тул хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгааг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Л.Болд гишүүн, “Улс орны хөгжил харилцаа, холбоогоор тодорхойлогддог болсон. Өнөөдөр гар утас, мэдээллийн технологи өндөр хөгжсөнөөр глобалчлал хурдацтай явагдаж байна. Тиймээс энэ салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй. Тиймээс УИХ-аас энэхүү хуулийг чамбайруулах ажлын хэсэг байгуулах нь зөв” гэлээ. Мөн тэрбээр, гурван жилийн өмнө иргэд гар утасны дугаараа хүссэн үүрэн телефоны компанидаа шилжүүлэх хууль баталсан. Гэвч уг хууль огт хэрэгжихгүй байна хэмээн шүүмжлэв.

Мөн Ц.Мөнх-Оргил гишүүн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглаж, уялдаа холбоогоо сайжруулах шаардлагатай байгааг хэллээ.

Улсын бүртгэлийн багц хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд эхний ээлжинд мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан Улсын бүртгэлийн байгууллага иргэдэд цахимаар лавлагаа олгодог болохоор ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга хэллээ.

Харин С.Бямбацогт гишүүн, “Олон нийтийн сүлжээнд олон хаяг нээж бусдыг гүтгэн доромжилдог, гэмт хэрэг үйлддэг хүмүүс бий. Үүнийг шийдвэрлэхэд энэ хууль тодорхой нөлөө үзүүлэх үү хэмээн тодруулав.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, “Харилцаа, холбооны зохицуулах хорооноос Фейсбүүк комппанийн төлөөлөгчидтэй уулзаж, олон нийтийн сүлжээг зөвөөр ашиглах, хуурамч мэдээллээс урьдчилан сэргийлэх талаар ярилцсан. Одоо олон нийтийн сүлжээг хариуцах байгууллагыг сонгох, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэй болох ажлыг өрнүүлж байна. Энэ хууль цахим орчин дахь хүний эрхийн зөрчлийг шууд зохицуулахгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Түүнчлэн Б.Баттөмөр, Л.Энх-Амгалан нарын гишүүд хуулийн төсөлд олон нийтийн сүлжээг хянах, хиймэл оюун ухаан, цахим аюулгүй байдлын асуудлыг тусгах шаардлагатайг дурьдаж байв.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 55.4 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжлүүллээ.

Холбоотой мэдээ