ИТХ-ын VIII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-19 11:25:34

Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 11 дүгээр сарын 14-ний өдөр хуралдлаа. Тэргүүлэгчдийн хурлаар Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдааныг зарлах тухай, Хөшөөт хөгжил сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Боловсролын салбарын дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайны төлөвлөлт, зарцуулалтын үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын мэдээлэл, Өмч хөрөнгийн тухай, Төрийн дээд шагналд тодорхойлж, өргөн мэдүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Ховд аймгийн ИТХ-ын VIII хуралдааныг энэ оны 11-р сарын 30-аас 12-р сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэжээ.  

Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди ”Энэ удаагийн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын гол онцлог аймаг 2018 онд хийсэн ажлаа хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлдог ээлжит хуралдааны товыг зарлалаа. Энэхүү хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэнэ. Аймгийн ИТХ-ын  2018 онд  хийсэн ажил, цаашид хийх ажлаа хэлэлцэх, мөн аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2018 оны ажил, цаашид хийх ажлын зорилго  зорилт тодорохойлох юм. Мөн аймгийн төсөв, газар зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, ирэх жилийн төсөвт орон нутгийн хөгжлийн сангийн төсөв хувиарлах, өөрийн орлого хуваарилах, Жаргалант сумын газар олголт, цэгцлэх, ирэх жил олгох газрын асуудлуудыг хэлэлцэхээр хурлын товыг батлаад байна” гэв.

Холбоотой мэдээ