Сэлэнгийн иргэдийг хөнгөлөлттэй сургалтад оролцохыг санал болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-16 22:49:50

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Герман-Тайланд-Монгол гурван улсын хамтарсан “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл зорилтот гурван аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Сэлэнгэ юм. Энэхүү төслийн хүрээнд зочид буудал, дэн буудал, жуулчны бааз, гэр бааз буудал, ресторан, зоогийн газар, гуанзны менежер, удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал зочид буудал, жуулчны баазын менежер, удирдах ажилтанд “Зочид буудлын зочлох үйлчилгээ, бизнесийн борлуулалт, маркетинг, харилцааны ур чадвар” сургалт, дадлагыг энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулах гэнэ. Мөн ресторан, зоогийн газрын менежер, удирдах ажилтанд “Ресторан, зоогийн газрын зочлох үйлчилгээ, бизнесийн борлуулалт, маркетинг, харилцааны ур чадвар” сургалт, дадлага ажлын мэдлэгийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд өгөхөөр болжээ. Сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд ЭТИС хөтөлбөрийн байранд Бизнес Инноваци Хөгжлийн Төвд зохион байгуулах ажээ. Сэлэнгэ аймгаас энэхүү сургалтад хамрагдахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад зочид буудал, жуулчны баазын сургалтанд 90.000 төгрөг, ресторан, зоогийн газрын сургалтанд 120.000 төгрөгөөр суралцах хөнгөлөлттэй нөхцөлийг санал болгож байгаа юм байна.

Дашрамд дуулгахад энэхүү сургалтад оролцохоор бүртгүүлсэн оролцогчдын замын зардал, байр, томилолтын зардлыг ЭТИС хөтөлбөр бүрэн хариуцах юм байна.

Холбоотой мэдээ