Хүүхдийн амбулаторийг уртасгасан цагаар ажиллах үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-16 15:02:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал болж, харьяа 26 эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж үйлчилгээ”, “Урьдчилан сэргийлэх үзлэг”, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр” болон “Цахим системийн хэрэгжилт”-ийн хэрэгжилт, үйл явцын талаар хэлэлцэж, авах арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон юм.
НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажил хэрхэн явагдаж байгаа талаар мэдээлэл хийв. Мөн томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа энэ үед дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторийн үзлэгийг уртасгасан цагаар зохион байгуулж ажиллах үүрэг даалгаврыг харьяа байгууллагын дарга нарт өглөө.
Хурлын төгсгөлд Нийслэлийн эрүүл мэндийн албаны түүхт 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллаж, амжилттай зохион байгуулсан харьяа 26 эрүүл мэндийн байгууллагад “Талархал” гардуулав. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу “Дархлаажуулалтын бүртгэл мэдээллийн цахим программ”-ыг энэ сарын 05-наас нийслэлд нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБ-ын санхүүжилтээр 10 ширхэг компьютер, дагалдах хэрэгслийг Хан-Уул, Сонгинохайрхан,  Багануур, Налайх дүүргийн ЭМТ болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт хүлээлгэн өгсөн юм.

Холбоотой мэдээ