УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.
УИХ-ын энэ сарын 2-ны
хуралдаанаар ирэх оны төсвийг баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат
хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга
хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг
гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн
комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт
онцлон тэмдэглэсэн байна. УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр буюу энэ
сарын 16-нд хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шаардлагагүй хэмээн
үзсэн.
Өнөөдөр Хууль зүйн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэний дараа хоригийг
хүлээн авах эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.