О.Сэргэлэн:Элэг шилжүүлэн суулгасан хүмүүстэйгээ хагацаж чадахгүй ах дүү болдог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-17 11:28:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах 60 дахь удаагийн мэс засал амжилттай боллоо.

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан 2011 онд анх БНСУ-ын Асан төвтэй хамтарч элэг шилжүүлэх мэс заслыг хийж эхэлсэн. Үүнээс хойш 60 дахь элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг  энэ сарын 16-ны өглөөний 7.00 цагт эхэлж 23 цагт дууслаа.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэлэхдээ, “Энэ удаа 45 настай эмэгтэйд хамаатны дүү нь донор болж элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийлээ.

Яг мэс заслын ширээн дээр эмч, сувилагч гээд 35 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бол хагалгааны явцад лифт, инженер техникийн алба, эмийн сан, эм зүйч гээд нийт 60 гаруй хүний хөдөлмөр байлаа. Энэ онд нийт 24 хагалгаа хийхээр төлөвлөснөөс одоо 4-н мэс заслын ажил дутуу байна. Хагалгаа хийлгэсэн өвчтөнүүд маань бидэнтэй бүгд холбоотой байдаг. Байнга хяналтанд, эмийн тунгаа үзүүлдэг. Ер нь л салж хагацаж чадахгүй ах дүү хамаатан садан болдог доо” гэсэн юм.

Тус багийнхан элэг шилжүүлэн суулгах 61 дэх мэс заслыг энэ сарын 23-нд хийхээр бэлтгэл ажлаа  хангаад байгаа аж. 

Холбоотой мэдээ