Малын гэдэс, дайвар бүтээгдэхүүнээр хийсэн хоолны үзэсгэлэн гаргалаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2018-11-17 15:49:31

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар /ХХААГ/ санаачлан, аймгийн ЗДТГ, Тогооч нарын холбоотой хамтран малын дотор гэдэс болон дайвар бүтээгдэхүүнээр хийсэн хоолны үзэсгэлэн гаргаж, албан байгууллага, аж ахуй нэгжийн дарга нарт танилцуулжээ. Тогооч нар таван багт хуваагдан 30 орчим нэр төрлийн хоол үйлдвэрлэсэн байна.

Ингэхдээ малын дотор гэдэс, дайвар бүтээгдэхүүнийг орчин үеийн хоол үйлдвэрлэл, технологид нийцүүлэн бөөр, шинэ ногооны салат, гэдэсний хавчуурга, элэг зүрхээр хийсэн зууш, шаржигнуулж шарсан зүрх, гэдсэн пицца, элэг, төмсний нухаш, арваад нэр төрлийн салат зэргийг хийжээ.


“Энэхүү хоолны үзэсгэлэнгийн гол зорилго нь үнэгүйдээд байгаа малын дотор гэдэс, дайвар бүтээгдэхүүнийг ашиглах ямар боломж, нөөц байна вэ, үүгээр дамжуулж хэрхэн эдийн засгийн хэмнэлт хийх боломжтой вэ гэдгийг харуулах юм. Ялангуяа эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг төсвийн байгууллагууд өөрсдийн хоолны үйлчилгээндээ үүнийг ашиглах нь илүү үр дүн, ач холбогдолтой. Тиймээс бид тогооч нарынхаа хийсэн хоолыг эдгээр байгууллагын дарга, удирдлагуудад танилцуулж, мөн тэднийг дайлсан. Үнэхээр их нөөц, боломж байгааг тэд хараад, тогооч нараа сургах туршлага судлуулах талаар хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Малын дотор гэдэс бол амин дэм ихтэй, хамгийн эрүүл хоол. Тиймээс үүнийг бид үнэгүйдүүлж хаяад байгаа нь үнэхээр харамсалтай. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй мал нядалгааны газрууд дотор гэдсээ яаж ашигладаг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Өвлийн цагт хөлдөөгөөд хэдэн зуун төгрөгөөр борлуулдаг ч бусад улиралд бараг хог дээр хаяж байна. Тиймээс үүнийг л бид ашиглах хэрэгтэй. Цаашид хэрхэх талаар бодож, төлөвлөсөн зүйлүүд их байна.” хэмээн аймгийн ХХААГ-ын Үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Алтаннавч хэллээ.

Баруун-Урт суманд одоогоор мал нядалгааны таван цэг ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ