Шилүүстэй сумын төв утасгүй интернэтийн сүлжээнд холбогджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2018-11-18 19:39:15

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Шилүүстэй суманд 2018 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр дүнтэй ажлууд хийгджээ. Энэ тухай тус сумын ЗДТГ-аас мэдээлэв. Энэ жил тус суманд сум дундын эмнэлэг улсын төсөв болон аймаг, сумын ОНХС-ийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар мэс заслын иж бүрэн тоног төхөөрөмжтэй болжээ.

Мөн сургуулийн дотуур байрны дээврийг ОНХС-ийн таван сая төгрөгөөр шинэчилж, Мерси кор ОУБ-ын 44 сая төгрөгийн дэмжлэгтэйгээр Сайхан, Баян-Улаан багуудад инженерийн хийцтэй хоёр худаг, аймгийн төсвийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Чандмань багт мөн инженерийн хийцтэй гүний худаг гаргажээ. Улсын төсвийн 300 сая төгрөгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлжээ. Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сэргээн засах төвийг шинээр байгуулсан нь ахмад наснуудад өгөөжтэй ажил болжээ. Энэ төвд өнөөдрийн байдлаар 30 гаруй ахмад настан байнгын үйлчилгээг авдаг байна. Мөн хөдөөгийн  гурван багийн Засаг дарга, сумын төвийн багийн Засаг дарга, Баян-Улаан багийн эмчийг тус тус унаажуулжээ. Ингэснээр багийн дарга нар иргэн бүртэйгээ, айл өрх бүрээр орж уулзах, төрийн үйлчилгээг хүргэх боломжтой болсон байна. Мөн Багийн Засаг дарга нар зөөврийн компьютертэй болж, улсын төсвийн 7.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төв утасгүй WIFI сүлжээнд холбогдож, иргэд цаг алдалгүй мэдээлэл авах, төрийн зарим ажил үйлчилгээ түргэн шуурхай явагдах боломжтой болсон байна.

 Хүүхдэд ээлтэй дотуур байр аянаар 18 тасгийг бүрэн засварлажээ

Шилүүстэй сумын сургууль 81 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сурагчдын амьдрах орчныг сайжруулах зорилгоор био 00 ашиглалтад оруулжээ.

Мөн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн “Олон нийтийн оролцоотой сургууль” төслийн хүрээнд 16.9 сая төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах төвийг сургууль дээрээ ажиллуулж байгаа ажээ. Энэхүү төвөөр дамжуулан сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үе тэнгийнхэнтэйгээ хамт суралцах, нөхөрлөх боломжийг олгоод зогсохгүй нийгэмших, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эн тэнцүү харилцах, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох гээд үр дүнтэй ажиллаж буй төв юм. Энэ төв өдгөө 20 орчим хүүхэд хичээллэж байна. Дашрамд сургуулийн хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спортын талбайтай болсноос гадна  сумын Засаг даргын захирамжаар “Хүүхдэд ээлтэй дотуур байр“ аяныг өрнүүлж, төрийн албан хаагчид, багийн иргэдийн дэмжлэгээр байгууллага, баг тус бүр нэг тасгийг тохижуулжээ. Энэ аяны үр дүнд малчдын хүүхдийн дотуур байранд амьдрах орчин сайжирч,  нийт 18 тасгийг бүрэн засварлан тохижуулсан байна.

 30 гаруй иргэнийг түр ажлын байраар хангажээ

Шилүүстэй сум ажилгүйдлийг багасгах, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох, сумандаа сайхан амьдрах нөхцөл бололцоог нь бүрдүүлж өгөх шат дараатай ажлуудыг хийж байгаа гэв.

Тухайлбал сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор 51 өрхийн дааман хаалгыг шинэчилж,  хашааг засварлах  ажлыг зохион байгуулж иргэдийн бүлэг ажиллуулжээ. Малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сайн саравч” үйл ажиллагааг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 79 малчин өрх хашаа хороогоо сайн дурын иргэдтэй хамтран шинэчлэн засварласан байна. Мөн орон нутагт баригдаж буй барилга дээр 15 иргэн, хогийн цэвэрлэгээ, нийтийг хамарсан ажилд зорилтот бүлгийн 20 иргэн, өвөлжөө, хашаа хорооны засварт 10 иргэнийг  ажиллуулж түр ажлын байраар хангасан ажээ. Ийнхүү зорилтот иргэдийн бүлэгтэй хамтран хогийн цэгийг ландфилийн аргаар устган, шинээр хогийн цэгийг байгуулах ажил эхлээд 70 хувийн гүйцэтгэлтэй байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчид малчдын хаваржаа, намаржааны нутагт хороо барих ажлыг эхлүүлснээр хөдөөгийн хоёр багт шинээр хороо барьж хүлээлгэн өгсөн байна. Дашрамд тус суманд сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлт маш удаашралтай, чанаргүй зээлдэгч  нар олон байжээ. Тиймээс зээл авсан иргэдэд удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлэх, олон нийтэд нэрээр нь мэдээлэх, эвлэрүүлэн зуучлах төвд хандснаар сангийн эргэн төлөлтийг нэмэгдүүлж 133 сая төгрөгийн зээлийг 56 иргэнд олгож, хуваарийн дагуу төлөлтөө хийгээд явж байгаа аж. Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдээс хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулж амжилттай ажиллаж байгаа иргэн Н.Мөнхтөр сумандаа барилгын материал блок, хавтан хийж, иргэн Н.Батмөнх хүнсний ногоогоор сумын иргэдээ ханган ажиллаж байгаа гэлээ.

 Даваа гариг бүр иргэдэд хууль сурталчилдаг болжээ

Шилүүстэй сумын ИТХ, ЗДТГ-аас иргэдийнхээ санал бодлыг сонсох, асуудлуудыг нь шийдвэрлэх, төрийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хууль сурталчлах өдөртэй болжээ.

Тухайлбал долоо хоног бүрийн даваа гаригийг хууль сурталчилах өдөр болгож сургалтыг төрийн албаны ажилчид болон иргэдэд зориулан хийдэг ажээ. Мөн үеэрээ өнгөрсөн долоо хоногийнхоо ажлыг дүгнэж ирэх долоо хоногт болох ажлуудаа мэдээлж иргэдээс төрийн үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нээлттэй авдаг юм байна. Тус сумын төрийн албан хаагч тус бүр дөрвөн өрхийг хариуцдаг бөгөөд тухайн өрхүүддээ төрийн үйлчилгээний олон талын мэдээллийг өдөр бүр хүргэх, дамжуулах ажлыг хийдэг аж. Тэд айл өрхүүдэд мэдээлэл дамжуулахаас гадна иргэдийнхээ санал бодлыг сонсож үйлчилгээндээ үнэлэлт авдаг байна.  Сумын ИТХ, ЗДТГ-аас иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай, чирэгдэлгүй шийдвэрлэхэд зорилгоо болгон ажилладаг байна. Мөн төрийн албан хаагчдын өдөр тутмын ажлын үр нөлөөг сайжруулах зорилгоор олон ажлыг санаачилан зохион байгуулж байгаагаас гадна иргэдээ сонсох нээлттэй утас ажиллуулж байгаагаа дуулгалаа.

 Мал маллах сонирхолтой 35 өрхийг малжуулжээ

Шилүүстэй сумын 505 өрхийн 50 гаруй хувь нь малчин өрх тул мал аж ахуйгаа түшиглэн амьдардаг ажээ.

Тус сум нь төв суурингаас алслагдсан тул үйлдвэрлэл үйлчилгээний бизнес хөгжих боломж төдийлөн сайн биш. Тиймээс мал аж ахуйгаа таваарлаг талаас нь хөгжүүлэх л илүү боломжтой. Малын чанар, үүлдэр угсааг сайжруулахад анхаарч байгаа. Аймгийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран “Өвлийн идэш” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ жил малчдын захиалгыг нутгийн зөвлөлд хүргүүлж, малчин  захиалагчийг холбох бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хөтөлбөрийн дагуу идэшний захиалга авч мал мах бэлтгэх, борлуулах үйл ажиллагааг явуулах юм. Дашрамд дуулгахад малчдаа дэмжсэн бодлогыг илүү баримталж байгаа. Тухайлбал мал маллах сонирхолтой, мал аж ахуйн салбарт тогтвор суурьшилтай ажиллаж буй  малчдаа 80 толгой, төрийн албан хаагчдаа 30 толгой төллөх бог малаар  малжуулах  ажлыг хийсэн байгаа. Энэ арга хэмжээнд 27 малчин өрх, найман төрийн албан хаагч хамрагдсан. Мөн бог малын үржлийн үйл ажиллагаа доголдолтой байгаа тул Дөрвөлжин сумаас буурал омгийн 27 ухна ишгээр сүргийн бүтцэд өөрчлөлт хийсэн байгаа. Шилмэл омгийн арван хуц нийлүүлэх хэлэлцээрийг хийгээд байгаа. Малчдадаа урам зориг өгөх, тэргүүн туршлага солилцох, хөдөлмөрийг үнэлэх, өөрөөрөө бахархах бахархлыг бий болгох зорилгоор сайн малчдын зөвлөлгөөн, малчин эмэгтэйчүүдийн чуулган, сургалт, мэдээлэл, эрүүл мэндийн үзлэг, уралдаан тэмцээн, цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн худалдаа зэрэг ажлуудыг зохион байгуулдаг уламжлалтай. Малчид үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн багадаа 3-4 сая төгрөгийн борлуулалт хийдэг болсон. Бэлчээрийн даац хэтэрч байгаатай холбогдуулан аймгийн бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран бэлчээрийн даац, эрсдэлд судалгаа гарган иргэддээ танилцуулж, бэлчээрийн эрсдлийн сантай болсон байгаа хэмээн Шилүүстэй сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ