Орон сууцны халаалтын горимыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-18 19:35:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орон сууцны айл, өрхөөс халаалт, дулаантай холбоотой санал, хүсэлт “Эрдэнэт-Ус” ОНӨХК, Хотын захирагчийн алба болон аймгийн удирдлагуудад ирсэнтэй холбоотойгоор хяналт, шалгалт хийлээ. Дээрх байгууллагууд өрх, гэрээр явж дулаан алдалт болон тасалгааны температур, паарны хэвийн үйл ажиллагааг шалгажээ.


Дуудлага өгсөн айл өрхүүдэд хэмжилт хийхэд халаах хэрэгсэл /паар/  дунджаар  +50-аас +60 градус байжээ. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж  өрөөний температурыг 18 градусын  дулаантай байхад хэвийн гэж үздэг байна.

“Эрдэнэт-Ус” ОНӨХК-ийн инженерүүдийн үзэж буйгаар сүүлийн жилүүдэд шинээр хороолол, барилга, объект ашиглалтад орсон нь 40 жил ашиглагдсан дулаан дамжуулах шугам сүлжээ, ган хоолойнууд хуучирч муудан ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Мөн олон жил болсон барилга байшингуудын дулаан алдагдал их байгаатай  холбоотой гэлээ. Түүнчлэн  айл өрх, орц подвалийн хаалга цонхоор дулааны алдагдал их байгаа болон иргэд дур мэдэн тагт сунгах, нийтийн орон сууцанд өргөтгөл хийхдээ шугам, хоолой, халаах хэрэгслийн хийц элементийг өөрчилдөг зэргээс үүдэн бусад айл өрхүүдийн халаалтад сөргөөр нөлөөлж байгаа ажээ.

           

Ер нь дулааны горимыг цаг агаарын нөхцөл, гадна агаарын температуртай уялдуулан Улаанбаатар хот дахь “Диспетчерийн үндэсний төв”-өөс зохицуулдаг. Энэхүү зохицуулгын горим нь үндэсний хэмжээнд инженер, эрдэмтдийн тооцоолон гаргасан нарийвчилсан судалгааг үндслэдэг байна.

 “Диспетчерийн үндэсний төв”-өөс ирүүлсэн горимыг баримтлан “ЭДЦС” ТӨХК үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлдэг. Сүүлийн өдрүүдэд “ЭДЦС” ТӨХК-иас 95-96 хэмийн халууныг сүлжээнд нийлүүлж байгаа бөгөөд тэр нь бичил хорооллуудын ус, дулаан хуваарилах төвүүдээр дамжин тодорхой хэмийн бууралттайгаар хэрэглэгчдэд хүрдэг гэдгийг иргэдэд тайлбарлаж байлаа.

Холбоотой мэдээ