Цагаанчулуут сум зөөврийн ундны усны асуудлыг шийджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-19 11:17:59

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Цагаанчулуут сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Сумын аюулгүйн нөөцөд 20 тонн өвс, малчид, мал бүхий иргэд байгалийн хадлан 111.5 тонныг бэлтгэжээ.

Мөн ногоон тэжээл 14 тонн, хужир шүү 107.3 тонныг бэлтгэж 169 суурьт 110 мянган мал өвөлжих урьдчилсан мэдээ байна. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 22.1 мянган малд, угаалга 84.2 мянган малд хийжээ. Харин малын туулгалтыг 52 мянган малд, бруцеллёзын вакцин 20.5 мянган богийн төлд, бог малын мялзан өвчний вакцин 24.9 мянган богийн төлд хийсэн байна. Мөн малын бууц, хашаа хороо бүхий 36.3 мянган метр куб талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэсэн байгаа. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малын түүхий эдийг зах зээлийн эргэлтэд оруулах зорилгоор хэд хэдэн ажлыг хийгээд байна. Тухайлбал 426 богийн хээлтүүлэгч, мал сүрэгт аттестатчилал явуулж, 16 мянган мал худалдан борлуулаад байгаа ажээ. Энэ жил бэлчээрийн ургац 1.9 ц/га,  зуншлага оройтсон боловч нийт нутгаар ургамлын гарц дунд зэрэг, бэлчээрийн даац Арц багийн нутагт хэтрэлттэй бусад багуудад боломжийн байгаа талаарх мэдээллийг Цагаанчулуут сумын ЗДТГ-аас өглөө.

 Сургуулийн өмнөх хамран сургалт 80 гаруй хувьтай байна

Цагаанчулуут сум улсын төсвийн 400 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургуулийн дотуур байрын их засварын ажлыг хийж байгаа аж.

Засварын ажил 90 гаруй хувьтай байна. Тус сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр их засварт орсноор малчдын хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжирна. Дотуур байрандаа малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөөг” байгуулах ажил өрнөж байна. Энэхүү гэр өргөөнд одоогийн байдлаар 40 гаруй зургаан настнууд амьдарна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуульд 300 орчим хүүхдүүд сурч байна. Өнгөрсөн жил 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2016 онд 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга ашиглалтад орсон байгаа. Энэ мэтчилэн боловсролын салбарт бүтээн байгуулалтын ажлууд үр дүнтэй хийгдэж байна. Суралцах орчин нөхцөл сайжирснаар багш нар тогтвор суурьшилтай ажиллах, сургалтын орчин нөхцөл сайжирснаар хүүхдүүдэд зориулсан дугуйлан, сонгонууд хичээллэж байна. Шинэ цэцэрлэгийн барилгатай болсноор сургуулийн өмнөх хамран сургалт сайжирч өнөөдрийн байдлаар 80 гаруй хувьтай байна гэлээ.

Нэг тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэв

Цагаанчулуут сум нь ундны усны хамгийн хүндрэлтэй асуудал болох зөөврийн ундны усны асуудлаа энэ жил шийдвэрлэжээ.

НҮБ-ын МОН/16/301 төслөөс 25 сая төгрөг, Тайванийн төлөөлөгчийн газраас 43.7 сая төгрөг, сумын орон нутгийн хөгжлийн сангаас хоёр сая төгрөгийн төсөвт зардалтайгаар хэрэглээний цэвэр усаар хангагдах боломжтой болжээ. Тус ажлыг “Ган” ХХК хийж сумын албан газар, аж ахуйн нэгжүүд цэвэр усаар хангагдаж байна. Харин айл өрхүүд сумын доторх ус түгээх цэгээр үйлчлүүлэх боломжтой болсон. Түүнчлэн төвийн шугам сүлжээндээ ойрхон айл өрхүүдийг цэвэр ус, дулаанд холбох ажил хийгдэж байна. Цагаанчулуут сум энэ жил нэгдсэн халаалтын системд холбогдсон. Найдвартай дулааны эх үүсвэртэй болж төвлөрсөн цэвэр усаар хангагдсанаар сумын аж ахуйн нэгж, албан байгууллагуудын ажилчдын ажлын бүтээмж сайжирч, улмаар суманд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдээд байгаа.

Дашрамд дуулгахад Арц нэртэй булгийг түшиглэн мал, амьтны бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, усны нөөц бүрдүүлэх зорилгоор найман метрийн өргөн, 28 метрийн урттай, 3.5 метрийн гүнтэй хөв цөөрөм байгуулсан. Тус хөв цөөрмийг байгуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 7.3 сая төгрөгийг төсөвлөж, ард иргэдийн оролцоотойгоор нийт 9.5 сая төгрөгийн зардлаар “Ундарга-Алтай” ХХК нутгийн иргэдтэй хамтран байгуулжээ. Энэ жил Цагаанчулуут суманд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалт, хувийн компанийн хөрөнгө оруулалтаар нийт нэг тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн тухай Цагаанчулуут сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 

Холбоотой мэдээ