Шилдэг хэсгийн байцаагчаар дэслэгч Б.Долгорсүрэн шалгарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-19 11:09:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах албанаас өнгөрөгч бямба гарагт зохион байгуулсан “Хэсгийн байцаагч-2018” ажил мэргэжлийн уралдаанд 36 алба хаагч оролцож шилдгээ тодруулав.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт болсон тус тэмцээнд оролцох эрх авсан дээрх алба хаагчид ажил мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдөн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, дэслэгч Б.Долгорсүрэн тэргүүлэв.

Харин удаах байрт Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ шалгарч, Увс аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, дэслэгч А.Тогтох гутгаар байр эзлэв.

Мөн өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, амжилт бүтээл гарган ажиллаж буй Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Наранчулууныг "Цагдаагийн гавьяа" тэмдгээр, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Б.Үнэнзоригтыг ЦЕГ-ын Хүндэт жуух бичгээр шагнасныг Нийгмийн хэв журам хамгаалах албаны дарга, хурандаа Ж.Амгалан гардууллаа.


Хэсгийн байцаагчид хууль, эрх зүйн мэдлэг, компьютер, мэдээлэл боловсруулах ур чадвар, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах сорил, албаны галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилт зэргээр өрсөлдсөн юм.





Холбоотой мэдээ