Макроны нэр хүнд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-11-19 12:01:27
ПАРИС. /TASS/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны нэр хүнд нэг сарын дотор 4 хувиар буурч, хамгийн доод түвшин буюу 25 хувьд хүрч унасныг “Ifop” албанаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Санал асуулгын дүнг долоо хоног тутмын “Le Journal du Dimanche” сонинд ням гарагт нийтэлсэн байна.

Санал асуулгад оролцогсдын ердөө 4 хувь нь Макроны Ерөнхийлөгчийн хувиар гүйцэтгэж буй ажилд “маш их сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлсэн бол 21 хувь нь “ерөнхийдөө сэтгэл хангалуун” байгаа аж. Харин “сэтгэл дундуур буйгаа илэрхийлсэн хүмүүс” 34 хувийг эзэлсэн байна. Тэгвэл 39 хувь нь “маш их дургуйцэж байна” гэж хариулжээ. Санал асуулгад оролцогсдын 2 хувь нь санал бодлоо илэрхийлэхээс татгалзжээ.

Гэхдээ францчууд Эмманюэль Макронд өмнөх Ерөнхийлөгч Франсуа Олландаас илүү итгэдэг болохыг санал асуулгын дүн харуулсан байна. Ерөнхийлөгчийн албыг хашиж байх үед Франсуа Олландын нэр хүнд 20 хувьд хүрч унаж байв. Гэсэн хэдий ч Макрон нэр хүндийн үзүүлэлт нь 44 хувьтай байсан Николя Саркозиг гүйцэж чадсангүй.

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Францын зүүн болон хойд бүс нутгуудад долоо хоног айлчлах үеэрээ ард түмэнтэйгээ уулзсанаар нэр хүнд нь өснө гэж найдаж байсан Макроны итгэл найдвар талаар болжээ гэж “Le Journal du Dimanche” сониныхон санал асуулгын дүнд дүн шинжилгээ хийхдээ онцлон тэмдэглэжээ.
Холбоотой мэдээ