Н.Наваан-Юндэнгийн 110 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-19 12:28:10

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Нэрт соён гэгээрүүлэгч, Монголын зохиолчдын байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг, Чингис хааны удмын сүүлчийн Засаг ноён, эдүгээгийн Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудын нутагт хамаарах Баатарвангийн хошууны сүүлчийн Засаг ноён, нэрт зохиолч, дуучин, хүний эмч Н.Наваан-Юндэнгийн 110 жилийн ойд зориулсан яруу найргийн наадмын хоёр, гуравдугаар давааны шалгаруулалт өнгөрсөн ням гарагт Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод амжилттай боллоо.

Эл наадмын эхний давааг Улаанбаатар хотод онлайнаар зохион байгуулсан бөгөөд 100 гаруй яруу найрагч, шүлэгч оролцсон байна. Харин Сүхбаатар хотноо болсон энэ наадмын хоёрын даваанд 26, гурвын даваанд 10 найрагч үлдэж шүлгэн хүлгэн хүлгээ уралдуулсан юм. Ингээд их хүмүүсний нэрэмжит наадмын тэргүүн шагналын Г.Сэр-Одын шагналт, яруу найрагч Ч.Алтанхуяг хүртжээ. Удаах байруудад МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Т.Доржсүрэн, яруу найрагч Э.Баярмаа нар хүртсэн байна. Харин тусгай байранд Ц.Цогтжаргал, Б.Пүрэврэнцэн, З.Эрдэнэтогтох, Б.Роза, Д.Цэвээнгэрэл, Т.Намуун, М.Отгончимэг нар оржээ. Тус наадмыг ардын уран зохоилч, "Болор цом"-ын эзэн Т.Галсан, Д.Нацагдоржийн шагналт, яруу найрагч, "Болор цом"-ын эзэн Ж.Баяржаргал, Д.Нацагдоржийн шагнлат, "Болор цом"-ын хошой эзэн Б.Ичинхорлоо. МЗЭ-ийн шагналт , "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, МЗЭ-ийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч З.Саруулбуян, МЗЭ-ийн шагналт ,"Болор цом"-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Эрдэнэбаатар нар шүүн явуулжээ.

Энэхүү наадмыг "Болор цомын" хошой эзэн Б.Ичинхорлоо хөтөлж, Н.Наваан-Юндэнгийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны 12 жилийн сургуулийн авьяаслаг хүүхдүүдийн дуу, бүжгийн хамтлаг тоглолтоороо мялаалга өргөв. Наадмын тэргүүн шагнал нэг сая, дэд байр 800 мянга, 3-р байр 500 мянга, тусгай шагнал тус бүр 200 мянган төгрөнийн шагналтай байсан бөгөөд Н.Наваан-Юндэнгийн зээ охин, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, "Н.Наваан-Юндэн сан" ивээн тэтгэн явууллаа. 

Холбоотой мэдээ