Цахим бүртгэл ашиглан ажлаа шуурхай бүтээх боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-20 11:58:13


 Увс /МОНЦАМЭ/. Үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, төрийн ой санамжийн нэгдмэл, аюулгүй байдлыг хангах, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, нээлттэй, чирэгдэлгүй хүргэх зорилго бүхий улсын бүртгэлийн шинэчилсэн багц хуулийн хүрээнд “Нэг иргэн-нэг бүртгэл” хөтөлбөр энэ сарын нэгнээс эхлэн улс орон даяар хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд төрсний гэрчилгээ, гэрлэлтийн лавлагаа, гэрлэлт цуцлах, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гадаад паспорт, иргэний үнэмлэх, нас барсны гэрчилгээ зэрэг бүртгэлийг иргэд харьяалал харгалзахгүйгээр анхан шатны нэгж болох сум, хороодоос авах боломжтой болжээ. 

“Цахим үнэмлэхний чип, хурууны хээ, тоон гарын үсэг зэргээ ашиглан иргэний бүртгэлийн мэдээ мэдээллийг цахимаар байгаа газраасаа үл хамааран авах боломжийг бүрдүүлсэн. Үүнд иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, төрсний лавлагаа, нэр өөрчилсөн лавлагаа, нас барсны лавлагаа гэх мэт хамгийн өргөн хэрэглэдэг 10 үйлчилгээний лавлагааг гэрээсээ, ажлаасаа хаанаас ч цахимаар авч болох аж.

Тус лавлагааг тоон гарын үсэг болон нэг удаагийн нууц кодоор цахим бүртгэлийн системд нэвтэрч хэвлэж авах юм. Хэвлэж авсан лавлагаа нь QR кодтой байх тул үнэн бодит мэдээлэл эсэхийг мэдэх боломжтойгоороо онцлогтой. Цаашлаад шат дараатайгаар 30 гаруй төрлийн лавлагааг авах боломжийг бүрдүүлэх юм. Мөн шинээр төрсөн хүүхдийг 30 хоногийн дотор бүртгэдэг байсан.

Энэ хуулиар хүүхэд дөнгөж төрмөгцөө регистерийн дугаартай болж улсын бүртгэлд бүртгэгдэх тогтолцоог бий болгосон. Дан ганц иргэний бүртгэлийн мэдээлэл бус хуулийн этгээдийн мэдээллийг ч мөн адил цахимаар авч болно. Хуулийн этгээдийн нэр, хаяг, үүсгэн байгуулагч, хэлбэр, төрөл, үйл ажиллагааны чиглэл гэх мэт мэдээллүүд улсын бүртгэлийн мэдээллийн санд нээлттэй байршсан”  хэмээн аймгийн УБХ-ийн дарга Р.Отггонбаяр хэллээ.

 

Холбоотой мэдээ