Л.Наранбаатар: Уурхайнууд тээвэр болон олборлолтоо бууруулах шаардлага гарах нь

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
ariunzaya@montsame.mn
2018-11-20 12:27:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүрсний экспортын дийлэнх хувийг гаргадаг Гашуунсухайт-Ганц модны боомтын тээвэр сүүлийн 10 гаруй хоног зогсож, 7000 орчим машин түгжрээд байгаа талаар орон нутгийн “Баян зам тээвэрчдийн холбоо”-ноос мэдээлсэн. Тэгвэл ЗТХЯ болон АТҮТ-өөс томилогдсон ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод шуурхай  ажиллаж тус боомтын чиглэлд үүсээд байгаа нүүрс тээврийн цуваа, урт дарааллыг шийдэх зорилгоор ачаагүй тээврийн хэрэгслүүдийг Оюутолгойн замаар явуулахаар зохион байгуулжээ. 

Тодруулбал, Гашуунсухайтын авто замын эсрэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хааж, Цагаанхадны гаалийн бүсэд буулгах ачаатай тээврийн хэрэгслүүдийг хоёр эгнээгээр явуулахаар зохион байгуулаад байгаа аж. Ингэснээр урсгал сөрж аваар осол гарахаас сэргийлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас гадна урт цуваа үүсэхгүй гэдгийг албаныхан хэлж байна.

Харин өчигдрийн байдлаар 77, өмнөх өдөр нь 32 машин гарч хоёр дахин нэмэгдсэн хэдий ч өдөрт 1000 машин гаргамаар байна гэдгийг  орон нутгийн “Баян зам тээвэрчдийн холбоо” ТББ-ын тэргүүн М.Нямжав онцолж байна

Өнгөрсөн 10 дугаар сард дээрх боомтоор 1000 орчим машин гарч байсан бол 11 дүгээр сарын эхээр 400 машин болж буурчээ. Энэ сарын 16-нд 30 машин л гарсан байна.



Энэ тухай Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатараас тодруулахад, "Хятадын тал ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй хэмээх шийдвэрийг гаргаад байна. Учир нь 2017 онд импортоор авсан нүүрсний хэмжээнээс давуулахгүй байх төлөвлөгөөтэй байсан, он гарахаас 40-өөд хоногийн өмнө төлөвлөгөө биелсэн учраас ийнхүү шийдвэрлэснийг БНХАУ-аас тайлбарлаж байна. Тиймээс тодорхойгүй байдал ирэх оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилж магадгүй.  Бээжинд  нүүрсний олон улсын хурлын үеэр  Хятадын Фэнвэй судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиут энэ талаар мэдээлж байсан. Мөн оны эцэст ийм байдал бий болох вий гэдгийг “Coal Mongolia-2018” чуулган дээр олон улсын судлаачид анхааруулахад манай төр засгийнхан тоогоогүй. Асуудал  хоолойн дээр тулчихлаа. Тэгэхээр уурхайнууд тээвэр болон олборлолтоо бууруулах шаардлага гарах нь. Одоо 12 мянган машинд ачвал жолооч нар тээврийн замд цагаан сар хүртэл амьдарч магадгүй боллоо” хэмээв.

Энэ оны эхний 10 сард манай улс нийт экспортын 41 хувийг нүүрсний экспортоор бүрдүүлсэн. Улсын хэмжээгээр нийт 2 тэрбум 400 сая ам.долларын 31.3 сая тонн нүүрсийг экспортолсон дүн мэдээ бий. Үүний гуравны нэгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК бүрдүүлжээ. Харин ирэх онд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Гэтэл  Хятад улс нүүрсний импортоо ийнхүү хазаарлаж буй явдал нь дээрх хэмжээний нүүрс экспортлох боломж хумигдах вий гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Холбоотой мэдээ