Дундын ажлын байр ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-20 12:44:15


   Увс /МОНЦАМЭ/. Хүүхэд залуучууд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын бүтээлч баг хамт олон, хувийн хэвшлийнхний хамтдаа хөгжих, хуваалцах, түгээх, ая тухтай орчин бүрдүүлсэн дундын ажлын байр буюу “GreativeHUB coworking оффисын үйл ажиллагаа Улаангом хотноо нээлтээ хийлээ.

Хөдөө орон нутагт, нэн ялангуяа алс баруун хязгаар Увс аймагт цөөн хүнтэй аж ахуйн нэгж, ТББ, гарааны бизнес эрхлэгчдэд тулгардаг асуудал бол ажлын байр. Учир нь байршил болоод зай талбайгаас хамаарч маш их зардал гардаг. Тухайлбал, түрээс, цахилгаан, интернет, цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт зардлуудад санаагаа чилээх шаардлагатай болдог байна.

Тэгвэл энэ бүгдийг нэг дор шийдэж, маш хямд үнээр олон төрлийн үйлчилгээг нэмэлтээр авах боломжийг "CreativeHub дундын оффис бий болгоод байна.


“Дундын оффист залуус бие биедээ үл хамаарсан үйл ажиллагаа явуулах боловч оффистоо нэгдсэнээр шинэлэг санаа, бүтээлч тэмүүлэл, эерэг хандлагаараа ижилсэн нийгэмдээ манлайлах боломжийг бүрдүүлэх юм. CreativeHub дундын оффис нь ажлаа хийх зай талбай, захиалах, түрээслэх боломжтой хурлын болон уулзалтын заал, өндөр хурдны интернэт, хэвлэх, хувилах машин, кофе шоп зэргийг нэг дор шийдсэн байна.

Нэг ёсондоо залуусын амжилтад нөлөөлөхүйц эерэг бүхнийг агуулсан төгс орчныг бүрдүүлсэн тул иргэд  "Бэлбулаг" төвийн гурван  давхарт байлах "CreativeHub" дундын оффисоор зочлоорой” хэмээн дундын ажлын байрыг үүсгэн байгуулагч П.Энхмаа хэлэв.

CreativeHub дундын оффисын нээлтын үйл ажиллагаанд Увс аймгийн салбар салбарын залуусын төлөөлөл, бүтээлч эрхмүүд, амжилтыг бүтээсэн манлайлагчид, үлгэрлэгч ахмадуудын төлөөлөл гээд нийгмийн бүхий л салбарт ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс хүрэлцэн ирж оролцжээ.

 

 

Холбоотой мэдээ