Иргэд ухаалаг гар утас, интернэтээр төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-20 15:29:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд мэдээлэл солилцох, иргэдэд үйлчлэх шат дамжлагыг багасгах “Eservice” цахим системийн танилцуулга өнөөдөр боллоо.

Дээрх системийн давуу тал нь иргэд төрийн үйлчилгээний байгууллагад биечлэн очихгүйгээр мэдээлэл авах, хүсэлт, өргөдөл гаргах, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой болох юм. Ингэснээр төр захиргааны байгууллагын үйлчилгээ авах гэж  дараалалд зогсох шаардлагагүй болохоос гадна төрийн албан хаагчдын хүнд суртал арилж, иргэдийн цаг хугацааг хэмнэнэ. Системийг Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг танилцуулав. Арга хэмжээнд Хотын дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид оролцлоо.



НИТХ-ын дарга С.Амарсайхан,Мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд программыг Нийслэлийн нутгийн захиргааны байгуулагуудын үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Ингэснээр төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх бөгөөд үйлчилгээний ажилтан, алба хаагчид дотоод үйл ажиллагааны мэдээллийг хоорондоо солилцох урсгал бий болно. Иргэд нэг мэдээлэл, үйлчилгээ авах гэж 10-аад байгууллагын үүдээр ордог байсан үе ард хоцорлоо. Ухаалаг гар утас, компьютер ашиглан аль ч цэгээс нутгийн захиргааны байгууллагын мэдээлэл, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Энэхүү технологий нэвтэрснээр үйлчилгээний байгууллагын хүнд суртал арилахаас гадна авлигын эсрэг хамгийн том алхам боллоо гэв.

Нийслэлийн Мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас 500 орчим нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс энэ онд 5 байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Иргэд  цахим системээр өөрийнх нь өгсөн өргөдөл ямар албан тушаалтанд очсон, ямар үйл ажиллагаа болж хэрхэн шийдэж байгааг харах боломжтой бөгөөд үйлчилсэн албан тушаалтныг дүгнэж, үнэлгээ өгөх юм. Энэхүү системийг иргэд ашиглахдаа https://eservice.ulaanbaatar.mn цахим хаягаар хандана гэв.



Нийслэлийн үйлчилгээний төв, Улаанбаатар хотын захирагчийн алба, Нийслэлийн архивын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Нийслэлийн газрын алба зэрэг байгууллагууд эхний ээлжинд дээрх цахим системд шилжжээ.

Холбоотой мэдээ