Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны жагсаалд "Нэхүүл" хөдөлгөөн нэгдэнэ

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.mn
2018-11-21 09:29:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг огцрохыг шаардан Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас энэ сарын 25-нд зохион байгуулах жагсаалд  “Нэхүүл” хөдөлгөөн нэгдэхээ мэдэгдэв.

УИХ-ыг тарахыг шаардан жагсаж байсан тус хөдөлгөөн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаар дээрх мэдэгдлийг сэтгүүлчдэд өгөв.

Энэ үеэр тус хөдөлгөөний зүгээс ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг огцрохыг шаардан тэмцлээ эрчимжүүлэхээ хэлж байв.

“Нэхүүл” нам бус залуучуудын холбооны зохицуулагч М.Мунаа хэлэхдээ, “Манай хөдөлгөөн энэ сарын 14-16-н хүртэл зөвшөөрлийн дагуу Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Гэтэл биднийг улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн жагсаалаа цаашид үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосонгүй. УИХ-ын гишүүдийг огцруулах, хариуцлага тооцох шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Шаардлагын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Миний мэдэх асуудал биш, би шийдэхгүй” гэж няцаасан хариу өгсөн. Тиймээс бид тэмцлээ эрчимжүүлж Баялаг бүтээгчдийн холбоо ТББ-ын өрнүүлэх жагсаалд нэгдэнэ гэлээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ-аас  өчигдөр ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эргэн төлүүлэхийг шаардсан жагсаал цуглаан энэ сарын 25-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулахаа “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлаараа зарласан бөгөөд иргэний нийгмийн байгууллага, ААН, иргэдийг нэгдэхийг уриалсан юм.

Холбоотой мэдээ