"Дотоод ертөнцийн урсгал" уран бүтээлийн түүвэр хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-21 15:14:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ванхүүгийн Батбаяр агсны "Дотоод ертөнцийн урсгал" шилмэл бүтээлийн түүвэр ном хэвлэгдэн гарчээ. Номыг яруу найрагчийн том хүү, зураач Б.Төрмөнх эмхэтгэн гаргасан бөгөөд энэ сарын 23-ны 17:00 цагт Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин театрт номын нээлтээ хийнэ.


Баянхонгор аймгаас төрөн гарсан нэрт зохиолчдын нэгт зүй ёсоор багтах В.Батбаяр Баянговь суманд 1958 онд төржээ.

Түүний уянга яруу шүлэг найраг "Цог" сэтгүүлд олонтаа нийтлэгдсэн байдаг бөгөөд уран бүтээлийнх нь дээжээс нэгэн шүлгийг уншигчиддаа толилуулъя.

     


     Газрын магнайд намар жиндүү


Зүйлийн орчлонг өгсөн ижийгээ
Зүрхэн дээрээ гэрэлтүүлж бодохоор
Мөөмнөөсөө холдсон янзаган хүрээ
Мөндөр шиг цайраад намар жиндүү.
   Дулаахан ижийдээ ботго шиг хоргодоод
   Дууны нь үзүүрт эргэн байхлаар
   Жигүүр цантай хун шиг саран
   Жиндэж даараад л намар гундуу.
Бүхнээс урьтан сэтгэл сэмрээж
Бөртийн үлдсэн ижийгээ санахлаар
Галтайхан нар ч сэрүү татаад
Газрын магнайд намар жиндүү.


Холбоотой мэдээ