Оросын тээврийн долоо хоногийн үеэр УБТЗ-ын хувь нийлүүлэгчдийн хуралдаан болов

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-21 16:20:53
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. “Оросын тээврийн долоо хоног” олон улсын XII үзэсгэлэн форумын үеэр УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн хөрөнгө оруулагчдын хуралдаан боллоо.

Уг хуралдаанд ОХУ-ын Тээврийн сайдын урилгаар Москва хотноо айлчилж буй ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын талаас “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров тэргүүтэй албаны хүмүүс оролцож УБТЗ ХНН-ийн цаашдын хөгжил шинэчлэлийн асуудлыг голчлон хэлэлцлээ.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар “2018 оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар төмөр зам өөрийн нэвтрэх чадварын дээд хэмжээ буюу жилд 25 сая тонн ачаа тээвэрлэж байна. 2030 он гэхэд нэвтрэх чадварыг 54 сая тоннд хүргэнэ гэсэн зорилт тавьсан. Тиймээс төмөр замын салбарт томоохон шинэчлэл хийх шаардлага тулгарч байна. Энэ хүрээнд бид төмөр замын суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл, Зүүн-баянгаас БНХАУ-ын Ханги мандалын боомт  руу салаа төмөр зам барих гэсэн гурван асуудлыг шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд ярьж байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар төмөр зам зах зээлийн харилцаанд шилжих үүднээс ирэх 12 дугаар сараас тодорхой тарифыг индексжүүлж эхэлнэ” хэмээсэн юм.

Тэрбээр мөн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулснаар Ази-Европыг холбосон төмөр замын транзит тээвэр хийж, эдийн засгийн хувьд ашигтай ажиллах боломжтойг онцлоод энэ тухай төмөр замын шинэчлэлийн бодлогод зайлшгүй тусгах шаардлагатайг онцолсон юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа “Тээврийн салбарт тоон технологи нэвтрүүлэх асуудлыг энэ жилийн Тээврийн долоо хоногоор өргөнөөр хэлэлцэж байна. Энэ зарчмаар УБТЗ ч тоон технологийг өөрийн үйл ажиллагаанд нэвтрүүлээд буй. Цаашлаад “Оросын төмөр замууд” НХН-ийн тоон системд холбогдох, харилцан мэдээлэл солилцох зэрэгт хамтарч ажиллахаар тохиролцлоо” гэв.   

Холбоотой мэдээ