Хоёр Солонгос олон жилийн дараа анх удаа авто замаар холбогдоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-21 11:31:25
МОСКВА. /RIA Novosti/. Умард болон Өмнөд Солонгос 65 жилийн хугацаанд анх удаа цэрэггүй бүсийн авто замаар энэ сарын 22-нд холбогдох гэж байна. Энэ тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг Засгийн газрынхаа эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

“Панмүнжомын тунхаг бичгийг хэрэгжүүлэх зорилгоор “цэргийн салбарт хоёр Солонгос хооронд гэрээ” байгуулсны дараа талууд аюулгүй байдлын нэгдсэн бүс дэх минануудыг 10 дугаар сараас эхлэн хамтран устгаж, авто замыг нээх ажил явууллаа. Арваннэгдүгээр сарын 22-нд цэрэггүй бүсэд 12 метрийн өргөн замыг холбоно” гэж эх сурвалж мэдэгдсэн байна.

Эх сурвалжийн хэлснээр, энэ нь шороон зам байх аж.

Хоёр Солонгосын удирдагчид есдүгээр сарын 18-20-нд уулзахдаа, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэг болон дайны аюул заналаас ангижруулахад чиглэсэн хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн билээ.

Мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад тодорхой арга хэмжээ авах талаар хоёр Солонгосын Батлан хамгаалах сайд нарын байгуулсан гэрээнд тусгажээ. Үүнээс гадна, талууд хоёр орныг энэ онд багтаан төмөр зам болон авто замаар холбох ажлыг эхлүүлэхээр тохиролцсон байна.
Холбоотой мэдээ