Зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах хүчин чадалтай ч 400 мянгаас илүү гардаггүйг шүүмжлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-21 12:36:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Манай улсад зохион байгуулсан АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын дараа жил буюу 2017 онд Монгол Улс 470 мянга гаруй жуулчин ирсэн нь хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд 400 сая ам.долларын орлого төвлөрүүлсэн талаар өнөөдөр болсон “Аялал жуулчлалын салбарын маркетинг”-ийн хурал дээр онцлов.

БОАЖЯ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Их түмэн” санаачилгаас зохион байгуулсан өнөөдрийн хуралд Олон улсын байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд сурталчилгаа-маркетингийн цахим нэгдсэн платформыг үүсгэж энд Төв Азийн орнуудаас Монгол Улс анх удаа элсэн орж байгааг мэдээллээ. Ингэснээр Монгол Улсын аялал жуулчлалын салбарын сурталчилгааг олон улсын түвшинд хүргэж буйгаараа онцлогтойг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалан тэмдэглэн хэлж байв. Тэрээр хэлэхдээ, “Манай улс аялал жуулчлалаас нэг их наяд төгрөгийн орлого олж байгаа ч энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд олон асуудал тулгарч байна. Зуны улиралд 3 сая жуулчин хүлээн авах бүрэн хүчин чадалтай хэдий ч сүүлийн 10 жилд Монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 мянгаас илүү гарахгүй байна.


Иймд Засгийн газраас “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг төрөөс баримтлах баримт бичгүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх замыг тусгаж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэх, улмаар 2020 онд гадаадын жуулчдын тоог нэг саяд, салбарын орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна” гэв. Дээрх зорилтод хүрэхийн нэг чухал арга зам болох аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгаа-маркетингийн үйл ажиллагааг сайжруулах талаар өнөөдөр ярилцсан бөгөөд энэ ажлыг олон улсын шилдэг туршлагад үндэслэн оновчтой арга барил, стратегийн хүрээд зохион байгуулах шаардлага тулгарч байгааг хөндөн хэлэлцэв.

Энд: Дотоодын байгууллагууд, ялангуяа төр, хувийн хэвшил, ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах, гадаад сурталчилгаан дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцож байх,

  • Аялал жуулчлалын салбарт хүний нөөцийг чадавхжуулж ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах,
  • Гадаад сурталчилгаан дээр “Монгол наадам” гэх мэтээр үйлчилгээний нэрийн брэнд үүсгэж юуг сурталчлах тал дээр анхаарч, бусад орны туршлагаас суралцах,
  • Олон улсын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцон Монгол Улсын оролцоог ханган ажиллаж тогтворжуулах, эргэж мэдээлж байх,
  • Монголын Соёлын төвийг хилийн чанадад байгуулах,
  • Кино, бусад соёл урлагаар эх орноо гадаадад сурталчилж Соёлын элчтэй болох, соёлын цогц хөтөлбөр боловсруулан гаргах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Тодруулга: Манай улсын аялал жуулчлалын салбарт 270 орчим тур оператор компани бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбарт 460 гаруй зочид буудал, жуулчны 400 гаруй бааз ажиллаж 34 мянга орчим хүн ажлын байрыг бий болгоод байна.

Дэлхийн Эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексийн үзүүлэлт”-ээр манай улс дэлхийн 136 орноос 102 дугаарт эрэмбэлэгдэж байна. Үүний дотор олон улсад нээлттэй байдлаар 125-д, агаарын тээвэрийн дэд бүтцээр 95-д, газрын боомт, дэд бүтцийн хөгжлөөр 123-т жагсаж байна. Харин жуулчны үйлчилгээний дэд бүтцээр 111-д байна.

Манайд жуулчин хүлээн авах ор/хоногийн даацыг тооцоолж үзвэл 80 гаруй хувийн дүүргэлттэй байна. Үүгээр авч үзвэл өдөрт 70 гаруй мянган жуулчин хүлээн авах боломжтой аж.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ