Энэ сарын 23-нд Шилдэг хэсгийн төлөөлөгч тодорно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-21 14:27:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” уралдаан өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.Энэхүү уралдаанд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч оролцож мэргэжлийн ур чадвар, хууль, эрх зүйн мэдлэг, албаны галт зэвсэг хэрэглэх ур чадвар, ерөнхий мэдлэг, гадаад хэл, компьютерийн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт, тусгай хэрэгсэл мэх хэрэглэх ур чадвар, логик сэтгэлээ IQ чадвараараа өрсөлдөх юм. Мөн  тээврийн хэрэгсэл жолоодох, мал зүслэх, шүдлэх, им тамга нэрлэх зэрэг хэсгийн төлөөлөгчийн мэдлэг, ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужил шалгасан 10 төрлөөр өрсөлдүүлж шилдэг хэсгийн төлөөлөгчийг шалгаруулна. Шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах уралдаан өнгөрөгч онд анх удаа болсон бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ. “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий зэрэг албаны хүмүүс оролцлоо. Тэмцээн  гурван өдөр үргэлжилж, энэ сарын 23-ны өдөр шилдэг хэсгийн төлөөлөгч тодрох юм.

Холбоотой мэдээ