Усны төлбөрийн тодорхой хувийг сав газрын нөөцийг хамгаалахад зарцуулах санал хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-21 17:10:01

Булган /МОНЦАМЭ/ Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар шинэчлэн байгуулсан Сэлэнгэ голын сав газрын талуудын оролцооны зөвлөл анхны хурлаа Булган аймагт хийлээ.


Сэлэнгэ голын сав газрын захиргаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Галт сумын залгаа Олон голын бэлчирээс Сэлэнгэ аймгийн төв Сайхны хөтөл хүртэлх Сэлэнгэ мөрний 543 км хэсгийг хариуцдаг байна.

- Манай байгууллагад таван аймгийн 24 сумын нутаг дэвсгэр дэх усны сав газар бүхлээрээ болон хэсэгчилсэн байдлаар хамаарагддаг. Энэ сав газарт байгаа ус, уст цэг, устай холбоотой харилцааг зохицуулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, сав газрын менежментийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих, усны боломжит нөөцийг ашиглуулах үүрэгтэй гэж тус сав газрын захиргааны дарга М.Чулуунзагд ярилаа.

Талуудын оролцооны зөвлөл Сэлэнгэ голын сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай байгуулсан сав газрын захиргааны даргын 2018 оны үр дүнгийн гэрээний хэрэгжилт, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

2019 онд усны нөөц ашигласны төлбөрийн орлогоос тодорхой хувийг усны сав газрын нөөцийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн саналаа холбогдох аймгийн төсөвт тусгуулахаар санал гаргаж хүргүүлжээ. Усны эх булгийг бохирдлоос хамгаалах, зохистой ашиглах, төв суурины усан хангамжийн бохирдлыг багасгах арга хэмжээг усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нь чухал байна гэж талуудын оролцооны зөвлөл үзсэн байна. 

Холбоотой мэдээ